Эрүүл мэндийн салбар дахь авлига нь өвчтөнүүдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чанарыг улам бүр доройтуулдаг

Эрүүл мэндийн салбар дахь хээл хахууль нь үйлчилгээний чанар муу байгаатай холбоотой асуудлыг шийдэж чадахгүй, улам бүр дордуулж байна гэж судлаачид үзэж байна. Өвчтөнүүд өөрсдийн сайн сайхан байдал, эрүүл мэндийн талаар үнэлэхдээ мөн үүнтэй ижил бодолтой байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар дахь хээл хахууль нь чанартай үйлчилгээ үзүүлэхгүй, үр дүнд хүрэхгүй байна. Ийм дүгнэлтийг олон улсын судлаачдын баг, түүний дотор нийтлэлийн зохиогч, Уралын холбооны их сургуулийн дэд профессор Ольга Попова хийсэн байна.

Судлаачид Төв болон Зүүн Европ, ОХУ зэрэг 28 орны 41 мянган иргэний дунд судалгааг явуулсан. Судалгааны үр дүнг “Харьцуулсан эдийн засаг” сэтгүүлд нийтэлсэн байна. Ольга Попова "Ерөнхийдөө хүмүүсийн эрүүл мэндийг доройтуулдаг авлигын механизм дараах байдалтай байна". "Өдөр тутмын практик үйлдлээс харахад хүн амын хамгийн ядуу давхарга нь эрүүл мэндийн хувьд хамгийн их асуудалтай байна. Тэд эмнэлгийн үйлчилгээг илүү их ашигладаг бөгөөд бусад хүмүүсээс илүүтэйгээр хээл хахуулийн тусламжтайгаар асуудлаа шийдвэрлүүлэхээр ханддаг" гэж хэллээ.

Эрүүл мэндийн ажилтнууд албан бус цалин хөлс авахын тулд үйлчилгээний чанарыг санаатайгаар бууруулж чаддаг нь авлигыг улам бүр өдөөж байна гэж судлаачид таамаглаж байна.

“Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарын хүнд хэцүү нөхцөл байдал, хүн амын ядуу бүлгийг үл тоомсорлож, хариуцлагагүй хандах хандлага зэргийг хээл хахууль өгснөөр шийдвэрлэж чадахгүй” гэж Ольга Попова хэллээ.

“Эмч нар байнга, шалтгаангүйгээр ажил хийдүүлэх, үйлчилгээг удаан хугацаагаар хүлээлгэх, ажилтнуудын зүгээс үл хүндэтгэсэн байдал гаргах, эм тарианы дутагдал, бохир заваан ажлын байр зэрэг бусад асуудлууд шийдэгдэхгүй байна. Хээл хахууль өгсний дараах үр дагавар болон хээл хахууль өгөх үеийн хүлээлт хоёрын зөрүүтэй байдал, баригдах эрсдэл нь хахууль өгсөн өвчтөнүүдийн аж амьдрал, сэтгэл санааны байдлыг муудахад хүргэдэг.”

Зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэлтгүй төрийн аливаа үйлчилгээнд хээл хахууль өгөх нь ижил сөрөг үр дагавартай болохыг судлаачид онцолж байна.

Өөр нэг дүгнэлт бол хээл хахууль өгсөн хүмүүс бусдаас илүү эрүүл мэнд нь муудах эрсдэлтэй тулгардаг. Учир нь хээл хахууль нь хувийн болон гэр бүлийн төсвөөс хороож, хэвийн хоолны дэглэмийг алдагдуулж, мах, тахиа, загас эсвэл түүнтэй адилтгах хоолыг тогтмол хэрэглэх боломжийг бууруулдагтай холбоотой юм.

Эрүүл мэндийн салбарын хээл хахуулийн хамгийн бага хэмжээ нь Словени, Эстони, Польш, Гүрж, Чехэд байдаг бол хамгийн өндөр нь Азербайжан, Молдав, Тажикстан улсуудад байдаг байна. Орос Улс ойролцоогоор жагсаалтын дунд хэсэгт байгаа бөгөөд Литва, Босни ба Герцеговинагийн түвшинтэй ойролцоо байна.   

Судалгаанд хамрагдсан орнуудын оролцогчдын дунджаар 17% нь нийтийн эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа хээл хахууль өгч байсан гэж мэдээлсэн. Судалгаанд оролцогчдын гуравны нэг орчим нь төрийн бусад үйлчилгээг авахдаа хахууль өгч байсан гэжээ. Молдав, Тажикстан Улсын өвчтөнүүдийн бараг тэн хагас нь авлига өгч байсан бол Украин, Азербайжан Улсын гуравны нэг орчим нь авлигын асуудалд оролцож байсан байна.

Авлигын тархалт, түүний дотор эрүүл мэндийн салбар дахь авлигаар Европын пост-коммунист орнууд Сахарын өмнөд Африкийн дараа хоёрдугаарт ордог. Судлаачид үүнийг гамшиг гэж нэрлэж, авлигатай тэмцэхийг уриалж байна. Төрийн албан хаагчдын цалин хөлс, хууль сахиулах үйл ажиллагаа, нийгэм дэх үл тэвчих байдлыг нэмэгдүүлэх кампанит ажил нь асуудлыг шийдвэрлэхэд туслах болно.

Эх сурвалж: www.eurekalert.org

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)