Б.Наранзул: Бэрхшээлийн цаана үргэлж боломж байдаг

Үндэсний үйлдвэрлэгч томоохон үйлдвэр болох Монголын анхны Хөнгөн блокийн үйлдвэр ХӨНГӨН БЕТОН ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранзултай ярилцлаа. 

- Компанийнхаа тухай товчхон танилцуулахыг хүсье?

Манай компани нь анх 1967 онд Польш улсын ЗГ-ын дэмжлэгтэйгээр  Монгол улсад байгуулагдсан Барилгын материалын ууган 3 үйлдвэрийн нэг билээ. Тухайн цаг хугацаанд буюу социализмын үед экспорт хүртэл хийж байсан байна.

1990 онд монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжиж 1993 оноос эхлэн төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчилж эхэлсэн түүхтэй. Тэр үед манай үйлдвэр нь хувьцаат компани болж хувьчлагдсанаар өнөөдрийн Хөнгөн бетон ХК-ийн эхлэл тавигдсан бөгөөд анхны худалдан авагч нь Германы Филип Холцман гэдэг компани Буянт Ухаа онгоцны буудлын барилгыг барьж байхдаа ирж анхны худалдан авалтыг хийж бидний тулах цэг эргэх хүчийг өгсөн байдаг.

Өнгөрсөн чөлөөт зах зээлийн 30 гаруй жилийн хугацаанд барилгын салбар олон хүнд хэцүү цаг үе, сорилт, бэрхшээлтэй нүүр тулж байсан ч манай компани нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөлгүйгээр хийт бетон блок буюу хүмүүсийн нэрлэж дадсанаар хөнгөн блок үйлдвэрлэж тасралтгүй ажилласаар ирлээ.

- Таны хувьд үндэсний үйлдвэрлэгч гэж хэн бэ? Түүнийг хэрхэн тодорхойлох вэ?

*Монголчууд бидэнд байршлын хувьд экспортын маш том давуу тал байна гэж хардаг*

Үндэсний үйлдвэрлэл гэдгийг миний хувьд  эх орны түүхий эдийг, тэр дундаа дахин сэргэгдэх нөөц бол хамгийн сайн, олон түвшинд гүн боловсруулж аль болох өндөр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийг хэрэглэгчдэд санал болгож, улмаар гадаад орны зах зээлд өрсөлдөхүйц байж валютын орлого олж чадаж байвал энэ жинхэнэ монголыг аврах үндэсний үйлдвэрлэгч гэж хэлнэ. Бидний хувьд манай түүхий эдийн 99% нь элс, шохой, цемент ба  бүгд эх орны түүхий эд буюу түгээмэл тархацтай ашигт малтмал гэсэн ангилалд багтдаг.  Тэгэхээр импортын хамаарал бараг байхгүй гэж хэлж болно. Одоохондоо экспорт хийж валютын орлого олох мөрөөдөлдөө хүрээгүй  байгаа ч бидэнд бүрэн боломж байгаа. Бүх дэлхий хятадын зах зээлийн өсөлтийг харж энэ зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахыг хүсдэг. Монголчууд бидэнд байршлын хувьд маш том давуу тал байна гэж хардаг.

- Танай компанийн ойрын зорилт юу вэ? Ямар шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?

Бид үе шаттай төлөвлөгөө гарган өөрчлөлт шинэчлэлт хийхээр бэлдэж байна. Тухайлбал манай хамт олон түүхий эдийн боловсруулалтаа сайжруулж шохойн үйлдвэрлэлээ боловсронгуй болгох, барилга угсралтын зах зээлд хавтан болон дулаан тусгаарлах материалыг өөрсдийн түүхий эдийг ашиглан үйлдвэрлэх, барилгыг илүү хөнгөн бөгөөд бат бэх нэг төрлийн материал байлгах тал дээр бүтээгдэхүүн хөгжүүлэх, элс болон шохойг ашиглан гардаг хуурай хольц зэрэг бусад өөр төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар төлөвлөж байна. Энэ оны эхэнд Netherland улсын Aircrete компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж инженер техникийн ажилчид нь манай дээр ажиллаад буцсан ба дээрх төлөвлөгөөг хамтран гаргаж байна. Бид зөвхөн бүтээгдэхүүний өртгөөс гадна харилцагчдадаа зардал мөнгө хэмнэх үйлчилгээг хөгжүүлэх тал дээр ч судалгаа хийн барилга дээрх ажиллагаа, цаг хугацаа, хүн хүчийг хэрхэн хэмнэж хэрэглэгчдэд илүү үнэ цэн өгч ажиллахыг зорьж байна.

- Салбарынхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

Барилгын салбар бол монгол улсын хувьд техник технологийн хувьд хоцрогдолтой яваа, тиймээс хийх ажил нэвтрүүлэх ноу хау их байна. Улс орны хувьд ч тэр бүтээн байгуулалтын ид ажил өрнөж байна. Манай улс түүхий эдээр баялаг орон тиймээс хөгжих ирээдүй ихтэй салбар.

- Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар болон барилгын материалын үнийн өсөлт танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?

*Бид нийт ашиглаж байгаа түүхий эдийн 99% нь эх орондоо байгаа болохоор бусад барилгын материалтай харьцуулахад үнийн хувьд бага өсөлттэй байна*

Дэлхийн улс төр, нийгэм эдийн засгийн байдал амаргүй байна. Жишээ нь цар тахал дайн гээд бизнесийн болон амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Энэ сорилтод бизнес эрхлэгчид бид улам илүү бодох,  сэтгэх, өөрчлөлтөд хурдтай тохирч ажиллах шаардлага бий болж байна. Хил гаалийн хязгаарлалт, тээвэр ложистикийн үнэ урьд байгаагүйгээр богино хугацаанд нэмэгдсэн нь түүхий эд, бараа материалаа импортолдог үйлдвэрлэгч нарын хувьд хүнд тусч байгаа. Жишээ нь полистрол хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан үйлдвэрлэгч нар түүхий эдгүй байгаа ба үнэ нь хэд дахин өссөн байдалтай байна. Иймд Монгол улсын хувьд импортын хамааралгүй дотоодын түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг богино хугацаанд хөгжүүлэх, дэмжихэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй гэж харж байна.

Манай хувьд бол нийт ашиглаж байгаа түүхий эдийн 99% нь эх орондоо байгаа болохоор бусад барилгын материалтай харьцуулахад үнийн хувьд бага өсөлттэй байна.

- Танай үйл ажиллагаа, бүтээгдэхүүний борлуулалт улирлын шинж чанартай юу? 

*Бид харилцагч нартаа аль болох эртхэн буюу манайхыг ачаалал багатай үед арай хямд үнээр захиалгаа хийж байхыг байнга санал болгодог юм*

Манай бүтээгдэхүүн барилгын ханын дүүргэлтэд ашиглагддаг учир карказ дуусах үед ашиглагддаг. Энэ нь ихэвчлэн барилгын компаниуд хавар ажлаа эхэлдэг тул намар наадмын дараанаас дүүргэлтийн ажлууд нь таарч зэрэг шахуу хөнгөн блок авахыг хүсэж гэнэт ачаалал их үүсгэдэг. Харин манай үйлдвэрлэл жилийн 4 улиралд тасралтгүй жигд явж бүтээгдэхүүнээ гаргасаар байдаг. Иймд бид харилцагч нартаа аль болох эртхэн буюу манайхыг ачаалал багатай үед арай хямд үнээр захиалгаа хийж байхыг байнга санал болгодог юм.

- Таны Үндэсний үйлдвэрлэгчдээ төлөөлж уншигчдадаа зориулж хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе.

Сүүлийн 2 жилд үүсээд байгаа нөхцөл байдал болон өнгөрсөн цаг хугацаанд туулж өнгөрүүлсэн алдаа оноогоо дэнслээд бид шинэ стратеги боловсруулж алсын хараа, эрхэм зорилгодоо өөрчлөлт оруулж компанийн засаглалаа төгөлдөршүүлэх, хөрөнгийн бирж дээрх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх замаар хөрөнгө оруулагчдад өгөөжтэй, хэрэглэгчдэд өртөг бага шингэсэн чанартай, өсөлттэй үйлдвэрлэл явуулах нь хамгийн чухал гэж харж байна. Ингээд монголын үйлдвэрлэгч бүр импортын хамааралгүй гадаад валютын ханшийн өсөлтийн эрсдэлгүй тогтвортой үнээр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг байхыг хүсэн ерөөе. Мөн танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

зураг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай