Н.Учрал: Спортын бооцоот таавраас бусад тоглоомыг хориглоно
- 2025-03-06
- Улс төр
- 2

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар дараах мэдээллийг хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ -д нэн яаралатй горимоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээллээр эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмиаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан.
Насны бүлгээр нь авч үзвэл 18-29 нас 9.2 хувь, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээр Монгол Улсаас 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн. 6000-77000 ам.долларын гэрээ байгуулж, зөвхөн цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1 XBET манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам. доллар шилжиж ирсэн. 1 сая хүрэхгүй ам.доллар гаднаас оруулж ирдэг хэрнээ гадагшаа 500 сая ам.доллар урсгаж байна гэдэг тооцоо гарсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан хэдий ч линкүүдийг сольж, энэ үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Эдгээр аж ахуй нэгж дээр Монополийн эсрэг газраас өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн дагуу зөрчилтэй шинжтэй үйлдэлд нь хязгаарлалт хийхэд Зөрчлийн хуулиар 13 сая 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.
Тэгэхээр бид өнөөдөр Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвшөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа ААН, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг зуучлагч нарын үйл ажиллагааг ч энэ хуулиар бүрэн хориглохоор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.
Мөн агент буюу зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа, зохион байгуулж байгаа, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг чангатгаж өгч байгаа. Энэ хууль УИХ -аар хэлэлцэгдэн батлагдсанаар агентуудын үйл ажиллагааг бүрэн хориглоно. Мета зэрэг компаниуд руу хууль хэрэгжүүл гэдэг шаардлага тавьснаар бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомын аппликейшнууд татагдахаа болино. Хэрэв хууль зөрчөөд цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкээс татаад тоглох, зохион байгуулах, зуучилж байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүү болон Зөрчлийн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөвшөөрлйин хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулаад хойшлуулалшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох болж байна. Энэ хүрээнд хэрэв цахим мөрийтэй тоглоом тоглоод агентуудаар дамжуулаад 2-5 хувийн шимтгэлийг тухайн байгууллага нь авдагтай адилхан энэ үйл ажиллагааг үргэлжлүүлж байх юм бол Монголбанкин дээр гадагшаа урсаж байгаа валют дээр нь хязгаралалт хийх, царцаах боломж хуулийн хүрээнд бий болно.

Сэтгэгдэл (2)
(59.153.114.213)
ANUSDI80955877BOOBN XXNO
(66.181.190.218)
1.7 их наяд юм уу 500 сая юм уу? Тоо хэлж мэддэггүй Учрал байна.