Болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Он гарсаар өнөөдрийг хүртэл /2026.01.01-02.16/ 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна.

Мөн энэ хугацаанд мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөс цөмөрсөн дуудлагын 7 нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, 2 иргэн амь насаа алдсан.

Харин төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгааллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төөрсөн сураггүй болсон тохиолдол 15.4 хувиар, цасанд суусан дуудлага 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа.

Мөн зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байж, цахилгааны хэт ачааалал үүсгэлгүй, асаасан лаа, хүж, зул зэргийг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)