Хиймэл оюуны асуудлаарх дээд түвшний уулзалт боллоо

Өнгөрсөн долоо хоногт хиймэл оюуны асуудлаарх дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн Дели хотод, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал Вашингтонд боллоо. Мөн Швейцарын Женев хотод Орос-Украины дайныг зогсоох гурван талын уулзалт, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх шууд бус хэлэлцээ явагдав. Ингээд өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.  

 

Азийн орнууд шинэ оноо угтлаа

Энэ долоо хоногт Ази тивийн хүн ард билгийн тооллоор шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Бээжингийн оршин суугчид алдартай сүм хийдүүдэд очиж, ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилтыг ерөөн, хүж өргөж залбирав. Сүүлийн жилүүдэд Хятадад билгийн тооллын шинэ жилийн баярт роботуудыг оролцуулах болжээ. Энэ жилийн CCTV-гийн Хаврын баярын гала тоглолтын үеэр хүүхдүүд болон роботууд тулааны урлагийн үзүүлбэрийг сонирхуулсан бөгөөд Unitree Robotics компанийн хүн дүрст роботууд зөвхөн хөдөлгөөнийг дуурайгаад зогсохгүй Хятадын тулааны урлагийн мөн чанарыг илэрхийлж чаджээ.

Вьетнамд Тэт баярыг тохиолдуулан хөгжмийн тоглолт, шинэ оныг угтах тооллого болон сүрлэг салютын шоу үзүүлбэр зохион байгуулсан бол тайваньчууд бэлгэдлийн 108 удаагийн хонхны дууг сонсон, цэцэг өргөсөн байна. 

Ийнхүү Азийн улс орнууд 12 жилийн зурхайн тооллоор Гал морин жилээ угтлаа.

 

Хиймэл оюун ухааны асуудлаарх дээд түвшний уулзалт боллоо

Энэтхэгийн Дели хотод хиймэл оюуны асуудлаарх "AI Impact Summit" дээд түвшний уулзалт боллоо. Даваа гарагт эхэлж тав хоногийн турш үргэлжилсэн уулзалтад 100 орны төлөөлөгчид, Бразил, Франц, Испани, Нидерланд, Словак, Грек, Хорват, Казахстан зэрэг Өрнөдийн орнуудын болон Дэлхийн Өмнөд тал бөмбөрцгийн 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, мөн DeepMind-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис, Google-ийн тэргүүн Сундар Пичаи, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман, Anthropic компанийн удирдагч Дарио Амодей, Microsoft-ийг хамтран үүсгэн байгуулагч Билл Гейтс зэрэг хиймэл оюуны салбарт тэргүүлэгч компаниудын удирдлагууд оролцжээ. Уулзалтад мөн хиймэл оюуны салбарын 500 гаруй гарааны компани оролцож, 500 хэлэлцүүлэг зохион байгуулснаар хиймэл оюуны салбар дахь хамгийн том үйл явдал боллоо. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, энэ удаагийн форумын зорилго нь “технологийн ололт, боломжуудыг дэлхийн цөөн хэдэн улс, бүс нутагт төвлөрүүлэх бус харин өргөн хүрээнд түгээж, Дэлхийн Өмнөд тал бөмбөрцгийн орнуудын дуу хоолойг илүү хүчтэй хүргэх” явдал ажээ. 

 

АНУ, Ираны талууд тохиролцоонд хүрэх боломжийг эрэлхийлсээр байна

Мягмар гарагт Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ-Ираны шууд бус яриа хэлэлцээний хоёр дахь үе шат Женевт явагдлаа. Талууд цаашид байгуулах гэрээний суурь зарчмуудыг тохиролцож, “зарим ахиц” гарсныг мэдэгдсэн боловч харилцан бие биедээ анхааруулга өгч, цэргийн сүр хүчээ үзүүллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Ираны тал уран баяжуулалтаа 3-5 жилийн хугацаанд зогсооход бэлэн байгаа ба үүний дараа бүс нутгийн уран баяжуулалтын консорциумд оролцох боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна, одоо байгаа ураны нөөцийг олон улсын шинжээчдийн хяналт дор шингэрүүлэх хувилбарыг хэлэлцэж байгаа ажээ. Үүний хариуд Ираны тал банк, санхүүгийн хориг арга хэмжээг, мөн газрын тосны салбарт тавьсан хоригийг цуцлахыг шаардсан байна. Мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжийг АНУ-д санал болгожээ. 

Яриа хэлэлцээний үеэр АНУ-ын тал тус бүс нутаг дахь цэргийн хүчээ зузаатгаж, Персийн булан руу нисэх онгоц тээгч USS Abraham Lincoln, USS Gerald R.Ford хөлөг онгоцуудаа илгээлээ. Хариуд нь Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус газрын тос тээвэрлэдэг гол замуудын нэг болох Ормузын хоолойд тэнгисийн цэргийн сургуулилалт хийсэн байна. Оман улсын зуучлалаар хийж буй талуудын шууд бус хэлэлцээний эхний үе шат хоёрдугаар сарын 6-нд Маскат хотод болсон юм. Дараагийн уулзалтын товыг одоогоор зарлаагүй байна. 

 

Орос, Украин, АНУ-ын гурван талт уулзалт боллоо

Орос-Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ хоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Женев хотод боллоо. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэлцээг “хүнд боловч ажил хэрэгч” болсон гэж тодорхойлоод, дараагийн шатны хэлэлцээ удахгүй болно гэдгийг мэдэгдсэн боловч яг хэдийд болохыг зарласангүй.

 
 
 

Украины төлөөлөгчдийг ахалж буй Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мөн зарим асуудал тодорхой болсон хэдий ч “дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй” гэж мэдэгдээд Оросын талтай хийсэн хэлэлцээг “эрчтэй, гүн гүнзгий утга агуулгатай” болсон гэж тодорхойллоо.

АНУ-ын зуучлалаар хийсэн хэлэлцээний явцад талууд гал зогсоох тохиролцоог дагаж мөрдөж байгаа эсэхийг хэрхэн хянах асуудалд ахиц гаргасан байна. Гэсэн хэдий ч “газар нутгийн асуудлаар” талууд санал зөрөлдсөн хэвээр байгаа гэдгийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн сэтгүүлч Пирс Морганд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Т.Санаэг Японы Ерөнхий сайдаар дахин томиллоо 

Лхагва гарагт Японы парламент Такаичи Санаэг Ерөнхий сайдаар дахин томиллоо. Парламентын тусгай чуулган эхлэхээс өмнө тус улсын Үндсэн хуульд заасны дагуу сайд нарын танхим огцорчээ. Т.Санаэ засгийн газрын бүрэлдэхүүндээ халаа сэлгээ хийгээгүй бөгөөд сайд нар албан тушаалдаа хэвээр үлдлээ. Хоёрдугаар сарын 8-нд болсон парламентын доод танхимын ээлжит бус сонгуулиар Т.Санаэгийн удирдаж буй Либерал ардчилсан нам парламент дахь төлөөллөө 198-аас 316 суудал болгон нэмэгдүүлсэн бол тус намтай хамтран эрх баригч эвсэл байгуулаад байгаа Инновацын нам 36 суудлаа 38 болгожээ. Энэ бол эрх баригч эвслийн хувьд маш том ялалт байв. Харин Комейто ба Үндсэн хуулийн Ардчилсан намаас бүрдсэн сөрөг хүчний эвслийн суудлын тоо 167 байснаа 49 болж цөөрчээ. 

 

Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энхийн төлөвлөгөөнийхөө хүрээнд Газын зурвасын аюулгүй байдлыг хангах, сэргээн босгох зорилгоор байгуулсан Энхийн зөвлөлийнхөө анхны хурлыг пүрэв гарагт хийлээ. Тэрбээр уг зөвлөлийн гишүүн орнууд Газын зурваст үзүүлэх тусламжийн багцад 7 тэрбум гаруй ам.доллар гаргахаар амласныг мэдэгдсэн байна.

 

Энэ удаагийн хуралд зөвлөлд нэгдээгүй орнуудыг оролцуулаад 40 гаруй улсын удирдагчид, сайд нар оролцжээ. Д.Трамп хэлэхдээ, зөвлөлийн гишүүн орнуудын өгсөн амлалтууд нь тус байгууллага бол улс орнуудын удирдагчдыг нэг дор цуглуулдаг төдий бус харин бодит шийдэл боловсруулж хэрэгжүүлдэг гэдгийг харуулж байна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Индонез, Марокко зэрэг хэд хэдэн улс орны оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Газын зурваст гал зогсоох дэглэмийг сахиулах, энх тайвныг тогтооход дэмжлэг үзүүлэхээр цэргийн алба хаагчдаа илгээхээр эдгээр улс амласныг онцолжээ. Түүнчлэн АНУ-аас тус зөвлөлд 10 тэрбум ам.доллар хандивлана гэж мэдэгдсэн байна.

 

Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал эхэллээ

Пүрэв гарагт Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал таван жилийн анх удаа эхэллээ. Намын дарга Ким Жөн Ун улс орон нь эдийн засаг, үндэсний батлан хамгаалах болон дипломат харилцаа гээд бүх салбарт амжилт гаргасан гэж мэдэгдэв. Хурлыг нээж хэлсэн үгэндээ Ким Жөн Ун “манай улсын байр суурь эргэж буцахгүйгээр баталгаажсан нь дэлхийн улс төрийн орчинд томоохон өөрчлөлтийг авчирлаа” гэж онцолсон байна. Ингэж мэдэгдсэн нь цөмийн хөтөлбөртэй нь болон Оростой батлан хамгаалах харилцаагаа гүнзгийрүүлж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 2021 онд болсон сүүлийн намын их хурлаар шинэ төрлийн зэвсэг бүтээх зэргээр Умард Солонгосын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх таван жилийн төлөвлөгөөг танилцуулж байв. Намын их хурлын үеэр цэргийн хөгжлийн шинэ төлөвлөгөө, улс орны өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилтуудыг танилцуулна гэж Ким Жөн Ун лхагва гарагт мэдэгдсэн нь цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой цэргийн шинэ стратегиа танилцуулж магадгүй гэсэн таамаглалыг төрүүллээ. Гадаад бодлогын тухайд ялангуяа АНУ, Өмнөд Солонгосын талаар баримтлах бодлогод олон улсын ажиглагчид анхаарал хандуулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа юм.

 

Юн Сог Ёльд бүх насаар нь хорих ял оноов

Пүрэв гарагт Сөүл хотын Төв тойргийн шүүх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд 2024 оны 12 дугаар сард бослого зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноолоо.

 

Юн онц байдал зарласан нь сөрөг хүчний намуудын гишүүд түүний өргөн барьсан төсвийн тухай хуулийн төслийг дэмжээгүйтэй холбоотой юм. Тэрбээр эдгээр гишүүдийг баривчлахыг оролдож, Үндэсний ассамблейн байр руу цэрэг илгээжээ. Тусгайлан томилогдсон прокурорууд ерөнхийлөгч асанд цаазын ял оноохыг шаардаж, түүний үйлдэл нь либерал ардчилсан тогтолцооны Үндсэн хуулийг зөрчсөн гэж мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдээд, онц байдал тогтоох шийдвэр нь улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлыг ард түмэнд мэдэгдэх, түүнийг даван туулахын тулд эвлэлдэн нэгдэхийг уриалах зорилготой байсан гэж тайлбарласан байна.

 

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Хоёрдугаар сарын 23-нд Их Британийн Уэльс мужийн Лландудно хотод "2026 BetVictor Welsh Open" мэргэжлийн снукер биллиардын тэмцээн эхэлнэ.
  • Хоёрдугаар сарын 23-нд Эмэгтэйчүүдийн хоккейн "2026 IIHF Women’s World Championship Division III" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы A хэсгийн тоглолтууд Хорватийн Загреб хотод эхэлж, гуравдугаар сарын 1-нд дуусна. 
  • "2026 Muhamet Malo Tournament" чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Албани улсын нийслэл Тирана хотод хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 1-ний хооронд болно.
  • Тогтвортой хөгжлийн асуудлаарх "World Sustainable Development Summit 2026" олон улсын чуулга уулзалт  хоёрдугаар сарын 25-27-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болно.
  • Японы Йокохама хотод хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1 хүртэл дүрс бичлэгийн технологийн олон улсын томоохон үзэсгэлэн болно. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)