Буйр нуурт осолдсон иргэнийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
- 1 цаг 48 мин
- Нийгэм
- 0

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн Хошуу бургас гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд Буйр нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цөмөрч живсэн харамсалтай хэрэг хоёрдугаар сарын 24-нд гарсан юм. Тухайн автомашинд зорчиж явсан хоёр хүн эсэн мэнд гарсан ч дөрөв нь живсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, дроноор тандалт хийн байршлыг тодорхойлсноор хоёр өдрийн турш ажиллан өчигдөр /2025.02.26/ 6 метрийн гүнээс автомашин, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)