Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
- 1 цаг 50 мин
- Нийгэм
- 0

Боловсролын яамны харьяа, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ.
Олон улсын байгууллагууд сургуулийн хоолны үйл ажиллагааг дэмжиж, төслүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь БНСУ-ын КОЙКА байгууллага “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна.
Энэ төслийн хүрээнд Улаанбаатарын ерөнхий боловсролын арван сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, Боловсролын ерөнхий газрын харьяанд “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийг байгуулжээ.
Сургуулиудын гал тогоонд инженерийн шугам сүлжээний засварыг иж бүрэн хийж, гал тогоог тухайн сургуульд суралцаж байгаа хүүхдийн тоотой уялдуулан хүчин чадлыг өргөтгөн, тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв нь цахим болон танхимаар улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд ажиллаж байгаа хоолзүйч, тогоочдыг сургах, давтан сургах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн хоолоор мэргэшүүлэх онолын болон дадлагад суурилсан сургалтыг зохион байгуулна.
Төслийн хүрээнд 10 сарын хугацаанд 1000 гаруй тогооч, 100 хоолзүйч, хүүхдийн хоолны үйл ажиллагаанд оролцогч төрийн албаны 200 албан хаагчдад сургалтыг амжилттай хийжээ. Мөн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн суралцагсад, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад шим тэжээллэг, зохистой хоолны сургалт, танин мэдэхүйн сургалтуудыг тасралтгүй зохион байгуулна.
2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль батлагдаж, 2021 оноос 1-5-р ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулж байна.





Сэтгэгдэл (0)