Шүлхийний вакцин ч шийдэж чаддаггүй З.Мэндсайханыг Сангийн сайд болгохоор улсын эдийн засаг улам умаа хум болохгүй юу...
- 1 цаг 38 мин
- Улс төр
- 0

Сайд болох сайхан байх. Эрх мэдэл, элдэв хангамж гээд салахын аргагүй л гэдэг. Сайдын суудалд нэг л суусан бол буумааргүй санагддаг гэх. Гэвчиг: Сайд болж байгаа нь, сайдаар томилж байгаа нь нэг том юмыг бодмоор байгаа юм. Сайд болж байгаа нь: Би чадах уу, сайдаар томилж байгаа нь: Энэ маань чадах уу гэдгийг бодож томилгоо хийх ёстой.
Сая Н.Учралын Засгийн газар бүрдлээ. Зүүдэнд ч оромгүй хүмүүс санаанд оромгүй салбарт сайдаар томилогдож байна. Нэг нь Сангийн сайд З.Мэндсайхан. Түүнийг: Сангийн яамны газрын дарга байсан гэж хөөрөгдөөд тавьж байгаа харагдсан. З.Мэндсайхан 15-16 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга байсан юм билээ. Гэлээ гэхдээ: Яамны газрын дарга байсан гээд сайд байж чадна гэсэн үг биш. Тэр тусмаа: З.Мэндсайхан Сангийн сайд болсон гэхлээр: Яана даа, Монгол Улс, монголчууд бид гэж халаглам болж ирж байгаа юм.
Энэ хүн 20-22 онд ХХААХҮ-ийн сайд хийж үзсэн. Уяач учир тэр яаманд очсон гэдэг юм. Сайд байхад нь хөдөө аж ахуйн салбар яадаг байлаа даа. Сайд хийх гэж сандарсан даа, мань хүн. З.Мэндсайханыг сайд байхад наад зах нь Монголын мал сүрэг шүлхийд баригдаад, 18 аймгийн 200 шахам сумын мал гоц халдварт шүлхий өвчинд нэрвэгдэж байсан түүхтэй. Шүлхий өвчин өвлийн цагт голомтлоод зогсдог гэх ч тэр үед хүрээ нь улс тэлж байсныг хөдөө аж ахуйн салбарынхан ядаж санаж байгаа байх. Гол нь: З.Мэндсайхан шүлхийний вакцин татах менежмент хийж чадаагүй. Сайдын коллегийн 7-8 хүнийг Орос руу вакцинд явуулаад ч нэмэр болоогүй. Гээд бод. Тэрнээс болоод махны экспорт дор хаяж 10 жил зогсох аюул тулгарч байв. Шүлхий туссан малын маханд гурван жилийн туршид энэ өвчний хор хадгалагддаг. Сүүл рүүгээ энийг ҮАБЗ дээр ярих хэмжээнд хүрч байлаа. Базах нь ээ: Мань З.Мэндсайхан шүлхийний вакциныг шийдэж чадалгүй байсаар ХХААХҮ-ийн сайдаас больж байсан юм. Гэтэл нь: З.Мэндсайхан Сангийн сайд болчихлоо. Намын генсекийн найз гээд томилчихож. Сангийн сайдын ажил ХХААХҮ-ийн сайдынхаас хамаагүй өргөн цар хүрээтэй. Монгол Улсын төсөв, санхүү, татвар, гаалийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг удирддаг. Төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улсын төсвийн төсөл боловсруулах, татварын шинэчлэл хийх, гадаад зээл, тусламжийг зохицуулах, санхүүгийн салбарын бүтэц, зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллах үүрэгтэй. Гээд хар. Гэтэл нь: Эдүгээ Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний улиралд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын нөлөөгөөр 5.0 хувийн өсөлттэй байгаа ч Хятадын эдийн засаг муудсанаар гадаад валютын нөөцийн тогтворгүй байдалд орсон. Эдийн засгийн их хямралын эрсдэл өндөрссөн. Гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт муудахаар манай улсын экспортын орлого, ялангуяа нүүрсний экспортод сөргөөр нөлөөлнө. Нэмээд: Өндөр инфляци, гадаад өрийн дарамт болон логистикийн хүндрэлүүд нь эдийн засгийн өсөлтийг шууд зогсооно. Эдүгээ ч гадаад өрийн эргэн төлөлт, инфляци болон валютын ханшийн хэлбэлзлээс болоод иргэдийн худалдан авах чадвар буурчихаад байна. Хил гаалийн гацаа, тээвэрлэлтийн зардал өсч, дагаад бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж байгаа. Энэ нь компани, хүн болгонд мэдрэгдээд эхэлсэн. Татварын орлого 1.5 их наядаар тасарсан. Эмч, багш нарын цалингийн нэмэгдлийг өгөх мөнгө байхгүй. Баялгийн сан гэж цуглуулсан үүцээ ухаж тэрхүү цалинд өгөхөөс өөр замгүй. Монгол Улсын эдийн засгийн эдүгээгийн төлөв энэ мэт муу мэдээтэй. Гэвчиг: Яг энэ хүнд үед азын сугалаа шиг томилгоо хийсэн нь огтоос ойлгомжгүй. Уул нь: Н.Учралын Засгийн газрын бүтэц яригдаж байхад Сангийн сайд дээр Г.Тэмүүлэн сонсодож байв. Улс төрийн шалтгаанаар чагтлуулсан сонсдсон. Улс баларч байхад улс төр юуны хамаа баймаар. Тэгчихээд оронд нь З.Мэндсайханыг томилж. Засгийн газрын Сангийн сайдаар хэзээ ч З.Мэндсайхан шиг хүнийг томилж байгаагүй түүхтэй. 90 оноос хойш: А.Базархүү, Д.Даваасамбуу, П.Цагаан, Б.Батбаяр, Я.Очирсүх, Ч.Улаан, Н.Баяртсайхан, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Б.Болор, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан гэдэг Сангийн сайд нартай байж. Эдэн шиг Сангийн сайдтай байсан Монгол Улс эдүгээгийн дэлхийн эдийн засаг савлаж байгаа үед З.Мэндсайхан гэдэг сайдтай болчихоор яах вэ? Улсын эдийн засаг улам умаа хум болохгүй юу…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)