Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна
- 1 цаг 51 мин
- Нийгэм
- 0

Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна.
Энэ жилийн зургаадугаар сарын сүүлээр улсын хэмжээнд ойролцоогоор 40 хоногийн нөөцтэй байсан ч долдугаар сард нийлүүлэлт 40%-иар буурсан. Улмаар долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл хомсдол орон даяар үргэлжилсэн билээ. Улмаар наймдугаар сарын дунд үед нийслэлийн хувьд хомсдол түр намжсан ч есдүгээр сарын сүүлээр ахин оочир дараалал үүсэх болсон юм.
Албаныхан энэ талаар "ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сар бүрийн нийлүүлэлт 20-30 хувь буурсан нь шатахууны хомсдолыг бий болгож байна. Өдөр бүр шатахуун орж ирж байгаа. Хэрэглэгчид шатахуунгүй болох вий, тасрах вий гэсэн айдсаас үүдэлтэйгээр шаардлагагүй үед заавал банкаа дүүргэе гэх, бөөнөөрөө дугаарлах зэрэг нөхцөлийг үүсгэж байна" гээд байгаа билээ.
Харин иргэд "Гэр бүлдээ ч гаргах цаг зав гаргалгүйгээр ажлаа тараад л бензинд оочирлож байна. Хүргэлт хийдэг, хувиараа бизнес хийдэг хүмүүст хүнд тусаж байна. Угаасаа шатахуун түгээх станцад хонож оочирлож байгаа учир талбай дээр хонож жагссан ч болно. Г.Дамдинням сайдыг өөрийн биеэр гарч ирж үнэн тайлбар өгтөл нь жагсана" хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)