Мансууруулах бодистой холбоотой 190 хүнд яллах дүгнэлт үйлдлээ

Прокурорын байгууллага 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны есдүгээр сарын 21-24-ний өдрийн хугацаанд найман хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүхээс 12 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан хүнд 10 сараас дөрвөн жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, зургаан хүнд 1.5-6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн дээрх хэргүүдэд хоёр иргэнээс Интерполоор эрэн сурвалжилж, Турк, Польш улсаас Монгол Улсад албадан авчрахад гаргасан зардлыг нь гаргуулахаар шийдвэрлүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэдэг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болгож, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь гэмт хэрэгтээ ойр дотны хүмүүсээ татан оролцуулж, бусдыг дахин хэрэглэх зуршлыг бий болгож, худалдаалж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулдаг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)