Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сураг ажиг

АРДЧИЛСАН НАМ ДАРГАТАЙГАА “НОЦОЛДОЖ” МАГАДГҮЙ ГЭСЭН ХОВ ГАРЧЭЭ

УИХ-дахь томоохон сөрөг хүчин болох Ардчилсан нам даргатайгаа “ноцолдож” магадгүй гэсэн хов тамхины цэгээр шивэр авир дуулдах болжээ. Энэ нь АН-ын дарга О.Цогтгэрэлийг огцруулах тухай сэмхэн ярилцаж байгаа гэсэн шүү үг юм болов уу. Түүнээс ямар барилдаад унав гэж. Талаар нэг тарчихсан АН-ыг эвлэрүүлэх гэх тамтай ажлыг тус намын дарга асан УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр хийсэн. Эвлэрүүлж чадаагүй юм аа гэхэд цуглуулан байж УИХ-ын сонгуульд оролцсон. Чамлахааргүй амжилт үзүүлж УИХ-д 42 суудал авсан юм. Тэгээд Засгийн газарт хамтарсан боловч уг Засгийн газар нь огцорсон тул Лу.Гантөмөр дарга ажлаа өгсөн. Ингээд Намын Их хурлаасаа УИХ-ын АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон. Сонгогдоод жил гаруйхан л болж байна. Дүрмээрээ бол УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал огцрох заалттай. Одоо намууд Монголын улс төрийн хоёр том сонгуулийн босгонд тулж ирээд байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль,2028 оны УИХ-сонгууль. АН-ыхан эрүүл ухаантай л юм бол даргаараа оролдмооргүй юм. Гэвч бүлэг фракцын зодоон гэж айхтар юм энэ намд байдаг. Тэдэнд бол өөрсдийн хувийн эрх ашигт харшилсан л байвал нам болон энэ намыг горьдон харж байгаа ард түмэн түй ч хамаагүй байдаг даа. Уг нь ард түмэн АН-ыг МАН ын дарлалаас чөлөөлчихөж магадгүй гэж харж байгаа юм. МАН сүүлийн 10 жил завсаргүй засаглаж байгаа билээ.

Яагаад АН даргаараа оролдох болов гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс болоод санал зөрөлдөж энэ нь даамжирч байгаа гэх. Хамгийн өндөр рейтенгтэй байгаа Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх үү, Б.Пүрэвдорж болон бусад горилогсдоос нэр дэвшүүлэх үү гэдгээр хүчтэй маргаан үүсэж улс төрийн үйл явц өрнөж эхэлжээ. АН-ын дарга өндөр рейтингтэй гэгдээд байгаа Н.Алтанхуягт талтай байгаа аж. Бас нутаг зүгийнх ч гэж үздэг гэнэ. Ер нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан гурван гишүүн одоохондоо байгаа. Энэ нь Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, “бидон” хэмээх Д.Ганбат нар юм.

Харин Б.Пүрэвдорж гишүүнийг сүүлийн үед хүчтэй “лоббидож” байгаа бүлэг байгаа аж. Тэр бүлэг л намын даргаа огцруулна гэж байгаа юм уу даа. Шахаж байгаад Засгийн газрыг огцруулах санал өргөн бариулна. МАН мэдээж засгаа хамгаалан авч үлдэнэ. Тэд оноос өмнө засгаа огцруулбал УИХ-ын ээлжит бус сонгууль зарлагдах хугацаатай гэдгээс болгоомжилно.

Ингээд манай намын дарга юү ч хийж чаддаггүй гэсэн суртал ухуулга явуулж байгаад О.Цогтгэрлийг огцруулна гэсэн хов байна. Үнэн эсэхийг ирэх цаг хугацаа харуулах байлгүй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН-ААС ӨРСӨЛДӨХӨӨР НЭР ДЭВШИХ МАГАДЛАЛТАЙ ХҮМҮҮСИЙННЭГ Б.ЖАВХЛАН СҮҮЛИЙН ҮЕД ӨНДӨР СЭТГЭГДЭЛТЭЙ ЯВАХ БОЛЖЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагаж НҮБ-ын чуулган хүртэл яваад амжсан Сангийн сайд асан Б.Жавхлан сүүлийн үед их баяр хөөртэй байх болсон гэж улс төр ажиглагчид хэлж байна. Тэр бодвол ерөнхийлөгчтэй ямар нэг тохироо хийсэн байх гэцгээх боллоо. Ерөнхийлөгчтэй хамаатан садны хамааралтай ч гэж хэлэгддэг Б.Жавхлан нүүрийн буянтай гэхээр хүн юм. Тэр Сүхбаатар аймаг, Дархан,Сэлэнгэ аймаг, Говь-Алтай, Увс аймгуудад бүгдэд нь хамааралтай байж болох “горилогч” мөн. Энэ бүхэндээ ч эрддэг юм уу ямар ч байсан ямар нэгэн дохио хэрэгтэй хүнээс нь авсан бололтой. Бүр зарим гишүүнтэй харилцахдаа “би добро авсан” гэж хүртэл гайхуулсан гэх юм. Уг нь МАН аас дөрвөн горилогч яригдаад удаж байгаа л даа Г.Занданшатар, С.Бямбацогт Ж.Энхбаяр, Б.Жавхлан нарыг улс төр сонирхдог хүмүүс нэрлэдэг.

Г.Занданшатар бол ил гараад нэлээд гүйсэн, хүмүүс сайн муугаар нь хэлээд эхэлсэн. Харин УИХ-ын дарга С.Бямбацогтыг бол хүмүүс албан тушаалдаа ханасан, бас ханаагүй ч гэж хэлдэг. Ж.Энхбаярыг бол төрийн хар хүн гэж маргаангүй үздэг, хар бор ажил хийж үзсэн амьдрал танина хэмээн хэлэлцдэг. Б. Жавхланг эдийн засаг мэднэ гэж хэн ч хамгийн түрүүнд л хэлнэ. Ийм л хүмүүсээс Б.Жавхлан нь их “инээд хөөртэй” яваад байгаа гэцгээх боллоо.

Д.НАЦАГ

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)