Сэтгүүл зүйг системтэйгээр устгах гээгүй л бол сэтгүүлчийг газартай гэдэг үлгэрээ зогсоо
- 3 цаг 36 мин
- Нийтлэл
- 0

Сүүлийн үед сошиал орчинд сэтгүүл зүй, сэтгүүлчээс муухай хүн энэ нийгэмд байхгүй мэтээр хийрхэж байна. Энэ бол байдаг л мэргэжил, байдаг л хүмүүс. Тэд улстөрчид шиг хахууль аваагүй,татвар төлөгчдийн мөнгө хулгайлаагүй. Хийсэн ажил гүйцэтгэсэн зүйлийнхээ хөлсийг л авсан байж таараа. Ж.Мядагбадам сэтгүүлчийг 10 газар авсан пээ пүү болж байна.
Тэгээд тэр газар нь 200 тэрбумын үнэлгээтэй гэнэ. Газрыг авлигаар авсан гэж хоороороо үзэцгээж байна. (Найрал дууг хоор гэдэг байсан юм. Найрал дуу бол бүгдээрээ дуулахыг хэлдэг) Сошиалчид аа, та бүхэн 0.7 га буюу нэг айлын газар үнэгүй олгодог гэдгийг мэдэхгүй юм аа даа. Энийгээ ав гээд хэвлэл мэдээллээр зарласаар бараг хориод жил болж байгааг уншаагүй л байна даа. Монгол Улсын иргэд энэ газраа хаа хүссэн байрлалдаа авсан, авсаар ч байгаа. Авсан газраа иргэд хоорондоо наймаалцаж болдог. Бэлэглэж, өвлүүлж болдог юм шүү дээ. Харин 0.7 га бол хэзээ ч хоёр зуун сая хүрч байгаагүй. Модонд ойрхон тэгшивтэр, дээрээс нь цахилгааны шугамтай бол дөрөв таван сая төгрөг хүрч болох юм. Хамгийн үнэтэй 0.7 га Түргэний аманд байдаг гэж хэлдэг. Тэнд бараг 20-иод сая төгрөг байдаг гэж дуулддаг юм билээ. Харин газрын үнийг хэлээд байгаа хүмүүс өөрсдийнхөө өгч авдаг газрыг л хэлээд байх шиг. Зайсангийн газар болон Богд уулын амууд л тэгж хэдэн зуун сая төгрөг болдог байх. Тэгэхлээр энэ худал цуурхлаа нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Юун хоёр тэрбум төгрөгийн газар вэ. Тэр 0.7 га газрыг хүнээс худалдаад ч юм уу бүр бэлэгт ч авч болно. За бас хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт бол яая гэхсэн. Тэр газрыг хахуульд авчхаж гэж гөрдөж болох сон. Өдөрт л нэг сэтгүүлч эмэгтэйг элдэвлэж, баян тарган байна, хахуулиар л баяжсан байж таарна гээд л. Бусад нь тэрийг нь, дагаж нийгмээрээ жигшээд л. Ийм хүмүүс ийм нийгэмд мөн ч амархан төр эргүүлж болохоор харагдаж байна. Алга урвуулахын төдийд л дарангуйллын дэглэм тогтооход болох аж. Тиймээс иргэд ээ, эрхэм сошиалчид аа та нар хэрсүү байж сур. Юмны наад цаадахыг эргэцүүлж бодооч ээ. Сэтгүүл зүйг системтэйгээр устгах гээгүй л бол энэ хийрхлээ зогсоо. Та нарын нүд чихийг бодлоготойгоор сохолж, таглаж байгаа ажиллагаа биш юм уу.
Та бүхэн байтугай дэлхий тэр чигтээ сэтгүүл зүйгээр чиг зүгээ олж байна. Жиргээгээр биш, постоор бүүр биш. Сэтгүүл зүй л юу болж байгаа, ямар юм болох гэж байгаа, цаашид яах бол гэх мэтийг хэлж ярьдаг. Сэтгүүл зүй, сэтгүүлч бол муу муухай хүн жигшдэг ажил огт биш. Харин ч амьдрахад хамгийн боломжтой ажлуудын нэг. Тэд мэдээлэл дунд амьдардаг, тэр нь амьдрал ахуйд хэрэг болох зүйл ихтэй. Дэлхий даяар Ерөнхийлөгч, ерөнхий сайд хийж байсан, байгаа сэтгүүлчид их бий. Манайд л гэхэд хоёр ч Ерөнхийлөгч хэдэн ч Ерөнхий сайд сэтгүүлч мэргэжилтэй хүн байлаа. Монголд зөвхөн хахуулиар ч юм уу,татвар төлөгчдийн мөнгөөр л баяжиж болдог гэж боддогоо одоо болино уу. Төрийн албан хаагч л тэгдэг юм байгаа биз. Гэхдээ тэгдэг нь ч бас цөөхөн. Хүмүүс бол хөдөлмөрлөөд баяжиж болдог нийгэм тогтоод гучаад жил болж байна. Хөрөнгө мөнгөтэй хүнийг үзэн ядах чинь сэдрээд бүүр өвчин болжээ.
Сэтгүүл зүйг дарж авах нь хэнд ашигтай вэ. Тэр хүмүүс хэн бэ гэдэг нь нийгэмд бараг л ил зүйл шүү дээ. Эрх баригчид л ийм юм хийлгэнэ биз дээ. Сонин хэвлэлийг эдийн засгаар нь аль хэдийний дараад авсантай адил болсон. Одоо бол цахим хэвлэлтэй дайн зарлаж байна. Цахимаар эрх баригчдын булхайг илчлээд байгаа учир тэднийг дарж авах гээд энэ их хийрхлийг өдөөж байгаа гэдгийг яагаад ойлгохгүй байна.
Д.НАЦАГ
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)