Б.Хулан: Аавыгаа дагаад энэ спортоор хичээллэх болсон

Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд АНУ-д болно. Монголын жүдо бөхийн холбооноос өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох тамирчдынхаа нэрсийг зарлалаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд 20 жүдоч барилдахаар болжээ. Өсвөрийн тамирчид маань өдөр бүр бэлтгэлтэй байна. Тамирчдаа аян замд гарахаас нь өмнө жүдо бөхийн өсвөрийн тамирчин Ц.Хулантай ярилцлаа.
-Бэлтгэлээ хэр сайн базааж байна вэ?
-Тавдугаар сараас хойш бэлтгэлд гарсан. Өдөр бүр өглөөний 10.00 цагаас зааландаа ирж бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлийнхээ үр дүнг харна гэж найдаж байна.
-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би энэ спортоор хичээллээд гурван жил болж байна. Энэ хугацаанд чамгүй олон тэмцээнд оролцож байлаа. Тэмцээнд оролцож амжилт гаргахдаа гол нь байдаггүй залуу тамирчны хувьд олон тэмцээн, уралдаанд оролцож байж туршлага сууна шүү дээ.
-Тэр олон барилдаанаас хамгийн дурсгалтай нь ямар барилдаан байв?
-Анх жүдогоор хичээллэж байхдаа барилдахгүй зугтаагаад байдаг байсан. Тэр үед багш минь нэг чухал тэмцээнд намайг оролцуулж би хүрэл медаль авч байсан юм. Тэр цагаас хойш жүдогүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхөө больсон.
-Гэр бүлд чинь жүдогоор хичээллэдэг хүн байсан уу?
-Байлгүй яахав. Анх аавыгаа дагаад л энэ спортод орж ирсэн. Аав минь энэ спортоор олон жил хичээллэсэн.
-Жүдогоор хичээллээд юу олж авсан бэ?
-Жүдо бол ёс суртахууны спорт. Энэ спортоор хичээллэсэн хүүхдүүд хүнийг хүндэлж сурдаг. Миний олж авсан гол зүйл бол ёс суртахуун юм даа.
-Жүдогоор манай тамирчид их амжилт гаргаж байна. Хүндэлж явдаг тамирчин?
-Тийм шүү. Манай ах, эгч нар үнэхээр сайн амжилт үзүүлж, залуу тамирчид бидэнд урам зориг нэмж байгаа. Би бүх жүдогийн тамирчдаа хүндэлдэг. Учир нь тэд өөрсдийгөө ялан дийлж чадсан улс.
-Тамирчин хүнд хэцүү зүйл олон тохиолддог байх. Харин таны хувьд?
-Нэн тэргүүнд, тамирчин хүн сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хангасан байх хэрэгтэй. Сэтгэлзүйн бэлтгэлгүй бол амжилт гаргана гэдэг тун хэцүү. Миний хувьд тамирчин хүний хамгийн хэцүү зүйл нь жин хасах. Мөн янз бүрийн тэмцээнд явахад тамирчдад тулгамддаг бэрхшээл бол зардал мөнгө. Хэдий сайн тамирчин байлаа ч гадаадын тэмцээн, уралдаанд явах зардалгүй бол өөрийнхөө боломжийг алдаж буй хэрэг.Тэгж их зардал мөнгө гаргаж явчихаад ганзага хоосон буцахаас л айдаг. Харин энэ тал дээр Женко клуб маань, Энхбаяр дасгалжуулагч маань Баттулга сайд маань гээд бүгд л туслаж, зардал мөнгөний асуудал дээр анхаардаг болохоор тамирчин хүний хувьд өөрийн бэлтгэлээ л сайн базаах нь чухал.
-Тун удахгүй АНУ-ыг зорих гэж байна. Хэр догдолж байна даа?
-Тиймээ. АНУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн жүдо бөхийн тэмцээнд явна. Энэ бол миний хувьд их хариуцлагатай тэмцээн. Энэ дашрамд дасгалжуулагч багш болон аав, ээждээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

Манай жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аваргад оролцох тамирчдын нэрс: Эрэгтэй: -50кг Б.Амартүвшин -55кг З.Түшигтөр -60кг Ц.Цогтбаатар -66кг М.Мөнх-Эрдэнэ -73кг Б.Түвшинтөгс -73кг Г.Балсанхүндэв -81кг Д.Гэгээнбилэг -90кг Г.Болдням +90кг Б.Лхагвадорж +90кг Э.Амартүвшин Эмэгтэй: -40кг Б.Отгонцэцэг -44кг Б.Одонтуяа -48кг М.Ариунжаргал -48кг Б.Хорлоодой -52кг Ц.Хулан -52кг Б.Алтанцэцэг -57кг М.Баяртуул -63кг Б.Баасанжаргал -70кг Б.Хулан +70кг Б.Уранбилэг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)