Сэтгэцийн өөрчлөлттэй 200 гаруй хүн орон гэргүй, асрах хүнгүй
- 2013-10-03
- Эрүүл мэнд
- 0
Манай улсад Европын холбооны санхүүжилтээр сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэсэн төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд сэтгэцийн эмч нарын дунд сургалт зохион байгуулж байна. Тус сургалтыг Италийн “AIFO” байгууллага болон “Тэгш дүүрэн” хөтөлбөрийнхөн хөтлөн явуулж байгаа юм.Сургалтад Италийн сэтгэцийн ахлах мэргэжилтэн Жиованна Дел Жюдиче оролцож өөрийн улсынхаа туршлагаас хуваалцлаа. Харин манай улсын хувьд одоогоор туршилтын төсөл хэрэгжүүлж эхлээд нэг жил болж байгаа аж. Өөрчлөлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй гэж СЭМҮТ-ийн дэд захирал О.Ганчулуун хэлж байв.
Нийгмийн стресс болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс үүдэн сэтгэцийн өвчлөл нэмэгдэж буй гэсэн таамаг байдаг. О.Ганчулуун эмчийн ярьснаар, манай улс 1992 оноос хойш нарийн судалгаа хийгээгүй юм байна. Холбогдох хуульд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамт олонд түшиглэж хөгжүүлнэ гэж өөрчлөлт оруулсан болохоор нийгэмшүүлэхэд анхаарч буй юм. СЭМҮТ 450 ортой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 гаруй нь хамаатан садангүй, гэр оронгүй архаг өвчтөн аж. Мөн энд 18 жил болж байгаа хүн ч байдаг гэнэ. Сүүлийн үед архи, мансууруулах бодис, компьютер тоглоомд донтсон залуус их үйлчлүүлдэг болжээ.

Сэтгэгдэл (0)