Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг олон улсын жишигт хүргэнэ

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4”-ийн хүрээнд “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах тогтолцоог шинэчлэх” сэдэвт ажлын хэсгийн хурал  Нээлттэй нийгэм форум төвд боллоо. Тус хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүлсэн бөгөөд ЭМЯ, БШУЯ, ЭМХТ, ЭМШУИС болон холбогдох бусад байгууллагуудаас төлөөлөгчид оролцсон юм.

 Энэхүү хурлаар төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ АХБ-ийн төлөөлөгч бөгөөд ДЭМБ-ын зөвлөх Ренато Таллеззи дээрх асуудлаар илтгэл тавьсан юм. Эрүүл мэндийн дэд сайд хэлэхдээ, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг дэлхийн жишигтэй харьцуулж улам сайжруулах хэрэгтэй байгаа.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны гол зорилго нь эцсийн дүнд үйлчилгээний чанар, ард түмний сэтгэл ханамж юм” хэмээгээд үргэлжлүүлэн хэд хэдэн асуудал дэвшүүлж санал оруулав. Тухайлбал, Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг хариуцдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төгсөлтийн дараах сургалтыг төлбөргүй болгох хийгээд хугацааг уртасгах тал дээр анхаарч, нийт төгсөгчдийн мэдээллийн санг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг олон чухал асуудлыг хөндсөн.

Эдгээр санаануудыг хуралд оролцогчид дэмжиж буйгаа илэрхийлж, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг олон улсын жишигт хүргэх боломжийг эрэлхийлж, цаашид ч ажлын хэсгийн гишүүд уг асуудалд нухацтай хандаж, ажлын хэгсийн хурлыг тогтмол явуулж байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)