“Эрүүл мэндийн технологи 2013” үзэсгэлэн маргааш болно
- 2013-10-10
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл
Мэндийн Яам, Мишээл Групп ХХК, Эмзүйн байгууллагуудын нэгдсэн эм
Холбоо, Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлгүүд хамтран “Эрүүл
мэндийн технологи 2013” үзэсгэлэнг 2013 оны 10 дугаар сарын 11-ээс
13-ны өдрүүдэд өргөн хүрээтэйгээр зохион байгуулах гэж байна.
Нээлтийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 11-ний өдрийн баасан гарагт 13.30-14.00 цагийн хооронд Мишээл экспо төвд болох юм. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтан, “МИШЭЭЛ ГРУПП” ХХК-ин ерөнхий захирал Б.Энх-Амгалан нар оролцоно.
Гурван өдрийн турш үргэлжлэх “Эрүүл мэндийн технологи 2013” үзэсгэлэнд ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, НЭМГ, НЭМҮТ, ЭМХТ, албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч, хувийн хэвшлийн нийт 100-120 гаруй оролцогч байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, олон улсын байгууллагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм.
Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн болон шинээр нэвтэрч буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог энэхүү үзэсгэлэн олгож буйгаараа онцлогтой болох ажээ. Мөн үзэсгэлэнд оролцогчид, үйлчлүүлэгчдэд хараа, сонсгол шалгах, цусны даралт хэмжих, өндөр, жингийн индекс тодорхойлох, бие бялдрын сорил үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бараа бүтээгдэхүүний амталгаа, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үйл ажиллагааг үзэсгэлэнгийн өдрүүдээр зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын ололт амжилтыг хуваалцах болно.

Сэтгэгдэл (0)