Бага насны хүүхдүүдийн ихэнх нь гэртээ бэртэл авч байна
- 2013-10-24
- Эрүүл мэнд
- 0
Өчигдөр “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх” дэлхийн өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг тохиолдуулан Английн хүүхдийг ивээх сан, ОБЕГ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ. “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” хэмээх баримтат кино бүтээжээ. Кино өчигдөр МҮОНТ, Боловсрол суваг зэрэг телевизүүдээр цацагдсан байна. Засгийн газрыг хүүхдийн төлөө зориулах төсөв хөрөнгөө нэмэгдүүлж, ялгаатай орлого бүхий орчинд амьдарч буй хүүхдүүдийг эсэн мэнд, тэгш амьдрах боломжоор хангах ёстой гэж Хүүхдийг ивээх сан үзэж байгаа аж. Манай улсад нялхсын эндэгдэл нийслэлээс алслагдах тусам улам бүр нэмэгддэг байна. Түүнчлэн 0-5 насны хүүхдийн амьдралд тохиолддог бэртэл гэмтлийн нэлээд хувийг осол гэмтэл, түлэгдэл эзэлжээ. Эдгээр хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэртээ осол гэмтэлд өртдөг талаар ОБЕГ- ын дэд дарга, хурандаа Ч.Намсрайжав хэллээ. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас тав хүртэлх насны нийт хүүхдийн 23.4 хувь нь гэртээ үлддэг төдийгүй тэднийг 10 нас ч хүрээгүй ах эгч нар нь харж үлддэг байна.Э.НЯМДУЛАМ

Сэтгэгдэл (0)