Дарга нарын маргаанаас болж өрх толгойлсон хоёр ч эмэгтэй тэтгэмжээ авч чадахгүйд хүрчээ
- 2013-10-25
- Эрүүл мэнд
- 0
Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Х.Хулан үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 13-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Учир нь түүний талаарх гомдол нэгэн ТББ-аас ирсэн нь ажлаас халагдах шалтгаан болсон гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул өөрт нь тайлбарласан байна. Гэвч тэрбээр энэ нь ажлаас халах шалтгаан биш гэж үзэн, хуулийн байгууллагад хандаж, ажилдаа эргэн орсон аж. Гэтэл түүнийг ажлаа аваад удаагүй байхад нь дахин халсан аж. Ингээд түүнээс болсон явдлын талаар тодрууллаа.-Өмнө нь ТББ-аас таны нэр дээр ямар гомдол ирсэн юм бэ. Ажлаас халах дээрээ тулахаар ноцтой асуудал байсан юм уу?
-Би энэ салбарт 26 жил ажилласан. Өнгөрсөн оноос эхлээд л өдийг хүртэл жил зургаан сарын хугацаанд бүхий л хууль хяналтын байгууллагаар явлаа. Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан байна гэсэн дүгнэлт ч гарсан. Намайг зүгээр ажлаа хийгээд явж байхад С.Туул дарга өрөөндөө дуудаж оруулаад л ажлаас халсан. Шалтгааныг нь асуухад таны нэр дээр ТББ-аас удаа дараа гомдол ирсэн гэсэн хариултыг л өгсөн. Төрийн байгууллагын удирдах ажилтныг халах, томилох асуудлыг ямар нэгэн олон нийтийн байгууллагын санаачилга, шахалтаар, хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанаар зүй бусаар шийддэг болсон энэ үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ ч би хэлсэн. Тиймээс тэр ТББ-ынх нь хүмүүстэй би уулзсан. Гэтэл “Та ажлаа өгчих. Таныг ажлаа өгвөл бид зөвлөх эмчээр ажиллуулна. Өгөхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг гутаан доромжилж, нэр төрд чинь халдана гэсэн”. Наркологийн эмнэлгийн дарга Х.Хулангийн хуйвалдаан гэсэн гарчигтай томоохон мэдээ, нийтлэлүүд гарсан нь ийм учиртай. Үүгээр ч зогсохгүй тэд мэдээллийн хэрэгслээр 80 хүрч байгаа эцэг, эх, үр хүүхэд гэр бүлийг минь ч доромжилсон.
-Хуулийн байгууллага таныг ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзсэн ч дахиад халагдчихсан хэрэг үү?
-Чингэлтэй дүүргийн болон Дээд шүүхийн тогтоол зэрэг шүүхийн зургаан албан бичиг надад байна. Гэвч тэд миний талд гарсан шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэж өгөөч гэсэн хүсэлтийг Ерөнхий шүүгчид хүртэл тавьсан байдаг. Гэсэн ч Ерөнхий шүүгч нь миний зөв гэдгийг баталсан. Дараа нь дахиад Дээд шүүхийн хурлаар шинээр үүссэн нөхцөл байдлыг нягтлаад миний буруугүйг нотолсон. Үүний дагуу би энэ сарын 1-ний өдөр ажилдаа эргэн орсон. Гэтэл зургаахан цагийн дараа намайг дахин дуудаад ёс зүйгүй ажилласан гэсэн шалтгаанаар дахиад халлаа гэсэн. Ингэхдээ Нийслэлийн нийгмийн бодлого хариуцсан Энхцэнгэл даргын өрөөнд намайг дуудаад “Та ёс зүйгүй ажилласан учраас өргөдлөө өг. Та ажлаасаа халагд” гэсэн. Тэд угаасаа намайг шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилчихоод хоёр хоногийн дараа буцааж халах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Ер нь намайг ямар шалтгаанаар ингэж удаа дараа ажлаас халаад байгааг нь мэдсэн л дээ.
-Түүнийгээ тайлбарлаач, асуудлын гол нь хаанаа байж вэ. Таныг хууль бусаар эм оруулж ирсэн гэх маргаан ч байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бол эхнээсээ л худлаа байсан. Хууль хяналтын байгууллага энэ асуудлаар намайг шалгахад тийм зүйл огт байхгүй нь батлагдсан. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах тусгай эрхийн бичгийг миний дараа орсон хүний нэр дээр авсан байсан юм билээ. Тэгээд л намайг халах гэж улайран дайраад байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, миний оронд томилох хүнээ аль хэдийнэ сонгосон байсан. Манай эмнэлгийн эмчид “Би чамайг Х.Хулангийн оронд томилно” гээд хэлчихсэн байгаа юм. Тэгснээ хүний нөөцийн менежер, нярав хоёрыг “Х.Хуланг халах учраас та нар ямар нэг бичиг данс юу ч гаргаж өгч болохгүй” гээд одоо болтол ажилд нь ирүүлээгүй байна лээ. Гэхдээ би энэ бүхний цаана юу байгааг мэдсэн.
-Та цаашид энэ асуудлыг ингээд орхих уу эсвэл ямар нэг алхам хийх үү?
-Энэ хүмүүсийн хууль бус үйлдэлтэй би хэзээ ч санал нийлэхгүй. Цаашид энэ байдлаараа намайг дарамтлах юм бол байж болох бүхий л арга хэлбэрийг сонгох болно гэсэн юм. Ямартаа ч бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс Х.Хуланг ямар шалтгаанаар ийнхүү хоёр ч удаа ажлаас нь халаад байгаа талаар НЭМГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхсүлдээс тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “”Архидалтын эсрэг үндэсний итгэлт их хөдөлгөөн” ТББ-аас Х.Хулантай холбоотой гомдлыг энэ оны гуравдугаар сард гаргаснаар маргаан эхэлсэн. Гэвч бид хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй гэж үзээд баримт шаардсан. Гэтэл Х.Хулан сувилагч мэргэжилгүй өөрийн төрсөн дүү Х.Халиунгэрэлийг сувилагчаар ажиллуулсан байсан. Мэргэжилгүй хүн өвчтөнд тариа хийвэл иргэдийн эрүүл мэнд хохирно гэсэн үндэслэлийг тэд гаргаж ирсэн л дээ. Дараагийн удаад халсан шалтгаан нь Х.Хулан даргатай холбоотой Наркологийн эмнэлгийн 22 ажилтны гарын үсэг бүхий гомдол ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүн өөрийн төрсөн эцэг Хорлоог жолоочоор, эгчийгээ угаагчаар, дүү Номунгоог мэдээллийн ажилтнаар ажиллуулж байсан нь тогтоогдсон. Мөн өөрийн гэр бүлийн хүндээ тус эмнэлгийн гал тогоог түрээслүүлсэн гээд сонирхлын зөрчилтэй ажиллаж байсан нь ажлаас халах үндэслэл болсон. Түүнчлэн НЭМГ-аас өрх толгойлсон эмэгтэй ажилтнуудад гурван жил дараалан буцалтгүй тусламж олгодог. Үүнээс гурван сая төгрөгийн тэтгэмжээс 2.5 саяыг нь завшиж, улмаар энэхүү тэтгэмжийг хүртэх ёстой Хишигжаргал, Дулам нарыг ажлаас нь хална гэж сүрдүүлсэн тухай ч гомдол ирээд байна хэмээсэн юм. Ямартаа ч ийнхүү нэг салбарын дарга нарын хоорондын маргаанаас болж, өрх толгойлсон эмэгтэйчүүд авах ёстой тэтгэмжээ хүртэж чадахгүйд хүрчээ.
М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл (2)
(103.26.194.155)
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО
зочин (202.170.71.39)
шш