Нийтийн хоолны төв болон хүнсний бөөний төвүүдэд хийсэн шалгалтаар 80 хувь нь шаардлага хангахгүй байна
- 2013-10-25
- Эрүүл мэнд
- 0
Өчигдөр МХЕГ-аас нийтийн хоолны үйлдвэрлэл болон хүнсний бөөний төвүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээллээ. Нийтийн хоолны үйлдвэрлэлд хийсэн шалгалтад 8700 гаруй хоолны газраас 91,4 хувь нь хамрагдсан байна. Шалгалтад хамрагдсан газруудын 80 хувийг барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, агааржуулалтын системтэй боловч бүрэн ажилладаггүй гэсэн дүн авчээ. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн өрөөг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулах шаардлагын дагуу 70 хувьд засвар өргөтгөл хийлгэсэн байна. Шалгалтын явцад хоолны газруудад тамхи татахыг хориглосон тэмдэглэгээ байрлуулан, тамхи татахгүй болсноор “Тамхины хяналтын тухай” хуулийн заалтууд 100 хувь хэрэгжиж байна хэмээжээ. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 30 хувь нь зориулалтын ажлын байргүйтэй холбоотой технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулан дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа аж. Шалгалтад хамргадсан хоолны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 33,2 хувь нь бага, 45.5 хувь нь дунд, 21.1 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Харин хүнсний бөөний төвүүдэд хийсэн хяналт шалгалтаар 58.1 хувь нь засвар хийж, өргөтгөж шинэчлээгүй, агааржуулалт хүрэлцээгүй, цонх онгойдог хэсгээрээ хортон шавьж нэвтрэхээс хамгаалсан торон хаалтгүй, 35.9 хувь нь цэвэр, бохир усны хэсгийн шугамд холбогдоогүй гэсэн дүн гарчээ.Э.НЯМДУЛАМ

Сэтгэгдэл (0)