Цаашид бүх эмийг жороор олгодог болно
- 2013-10-30
- Эрүүл мэнд
- 0
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр олгодог эмийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ЭМЯ болон МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар эмийн мэргэжилтэн Д.Болдбаатараас цөөн асуултад хариулт авлаа.-Нийслэлийн эрүүл мэндийн газраас жороор болон жоргүй олгодог эмийн талаар хэрэглэгчдэд ойлгомжтой байх үүднээс ямар ажлыг хийж байна вэ?
-Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа байгууллагаа мэргэжил арга зүйгээр хангах үүднээс нийслэлд тусгай зөвшөөрөл авч байгаа эмийн сангуудад жороор олгодог эмийн талаар байнга сургалт семинар явуулдаг.
-Цаашид жороор олгодог эмийн тал дээр ямар бодлого барихаар болов?
-Жороор олгох эм Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан байдаг. Жороор олгож байгаа эмүүдийг заавал эмчийн заавраар олгохыг шаардаж байгаа. Хүмүүс ихэвчлэн эмч дээр очиж жор бичүүлэхгүйгээр шууд эмийн сангаас нь эмээ авсан нь дээр гэсэн ойлголтой байдаг. Энэ асуудлыг үгүй болгож бүх эмийг жороор олгодог болох саналыг гаргаж байна.
-Ямар төрлийн эмийг жороор олгодог юм бэ. Эмийн сангуудад жороор олгох эмийг худалдаалах заалт байдаг уу?
-Ер нь өдөр тутам хэрэглэж байгаа аспирин, анилгин зэрэг эмнүүдийг жоргүйгээр авч хэрэглэдэг. Харин удаан хугацаагаар эмчилгээнд шаардлагатай эмийг жороор авдаг. Иймээс бүх эмийг жороор хэрэглэдэг болох хэрэгтэй байна. Ингэхийн тулд эмийн жорыг үнэт цаас болгочихвол, ард иргэд эмийг зохистой хэрэглэдэг болох байх. Тэгэхгүй бол хэн дуртай нь өөрсдийнхөө сонирхлоор эм авч хэрэглэж байна шүү дээ.
-Манайд ямар төрлийн эмийг жороор их олгож байна вэ. Мөн жороор олгодоггүй ямар эм байна вэ?
-Манайд жороор эм олгодог зуу гаруй эмийн сан байгаа. Эрүүл мэндийн даатгалын судалгаагаар жороор хамгийн их худалдаалагддаг нь даралтны эм байдаг. Харин ямар нэгэн жоргүй олгодог эмэнд аспирин анилгин багтдаг.
М.ӨНӨРӨӨ

Сэтгэгдэл (1)
(101.118.91.180)
buh em ni ch yu yum be, bas l tuilshrah ni...