Монголын анагаах ухаан 5000 жилийн түүхтэй

Монголын Анагаах ухаан 5000 жилийн түүхтэй гэвэл та итгэх үү. Тэгвэл итгэхээс өөр аргагүй гэдгийг нэгэн залуу эрдэмтний 20 жилийн судалгааны бүтээл болох таван боть ном гэрчилж байна. Академич Ш.Болд нь сүүлийн 20 гаруй жил 458 бүтээл туурвиснаас 47 нь ном, сурах бичиг бөгөөд 15 нь англи, япон, монгол-түвд, монгол бичгийн хэлээр тус тус хэвлэгдсэн байна. Тэрбээр таван боть шинэ бүтээлээ өнгөрөгч пүрэв гаригт уншигч олонд танилцуулсан юм. Энэ бол “Монголын анагаах ухааны түүх” дөрвөн боть, “History and Development of Traditional Mongolian Medicine” хэмээх англи хэлээр бичсэн нэг боть ном. Түүнчлэн “Монголын анагаах ухааны түүх” нь 2006, 2011 онд, “History and Development of Traditional Mongolian Medicine” бүтээл нь 2002, 2009 онд хэвлэгдэж байв. Монголын анагаах ухааны түүхийн бичлэг саяхан болтол 1921 оноос хойш 90 гаруй жилийн түүхийг өгүүлж, түүнээс өмнөх анагаах ухааны түүхийг XVI зууны үеэс Монголд Түвдээс нэвтэрсэн гэх буюу, Чингисийн үе болон Юань гүрний үед өөрийн онцлогтой анагаах ухаан бий болсон талаар ерөнхий төсөөлөл төдий судалгааны цөөн өгүүллээр хязгаарлагдаж байжээ. Гэтэл судлаач Ш.Болд судалгааныхаа үр дүнд тэргүүн ботьдоо Монголын анагаах ухааны түүх 5000 жилийн түүхтэй гэдгийг түүхийн эх сурвалж бичиг, археологийн олдворт судалгаа хийсний дунд баталсан байна. Өөрөөр хэлбэл, шинэ чулуун зэвсгийн сүүлийн 3000 жилийн үеэс анагаах ухаан хөгжиж эхэлсэн талаарх баримтуудыг манай анагаах ухаанд анх удаа судалгааны төвшинд гаргаж ирсэн явдал нь үндэсний анагаах ухааны түүхийг одоогоос даруй 5000 гаруй жилийн өмнөх рүү хандуулсан ач холбогдолтой үйл хэрэг юм. Дээрх таван боть бүтээлийг Монголын анагаах ухааны түүхийн шинжлэх ухааны тулгын чулууг тавьсан шинэлэг, оюунлаг бүтээл болсныг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал, Анагаах ухааны академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар “Би энэ залуутай 15 жил хамт ажиллаж байна. Түүний түүхийн судалгааны аргыг би ч мэдэхгүй. Бид үе үеийн анагаахын оюутнуудад Монголын анагаах ухаан 90 жилийн түүхтэй хэмээн зааж сургасаар ирсэн. Харин Ш.Болдын энэ боть нь монголын анагаах ухааны түүх 5000 жилийн түүхтэй гэдгийг баримттайгаар нотлон харуулж чадсан шинэлэг бүтээл болсон” хэмээжээ. Түүнчлэн энэхүү ном нь Монголын соёлын томоохон өв анагаах урлаг, заслыг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсны зэрэгцээ гадаадын эрдэмтэн, судлаачдад монголчуудын бүтээн бий болгосон анагаах ухаан, эрүүл амьдрах ухааны аргыг сонирхон судлах боломжийг нээж өгсөн бөгөөд XXI зууны Монголын анагаах ухааны томоохон ололт болжээ.

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)