ХДХВ, ДОХ-ын асуудлаарх үндэсний VI чуулган болж байна

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Үндэсний VI чуулганыг 2013 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Халдварын тархалтыг тэглэе” уриатайгаар зохион байгуулж байна.   Монгол улс дахь ДОХ/ХДХВ-ийн халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, үндэсний хэмжээнд халдвараас сэргийлэх стратеги төлөвлөгөө зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж, уриалгыг гаргах юм. Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ), Дархлалын олдмол хомсдол (ДОХ)-оос сэргийлэх, эмчилгээ, үйлчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгох гэсэн дэлхий нийтийн зорилтын хүрээнд манай оронд хэрэгжүүлж буй арга хэмжээний тогтвортой байдлыг хангах, өргөжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Үндэсний чуулганыг зохион байгуулдаг билээ.

 Чуулганы хурлыг Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа удирдан явуулсан ба тэрээр “Монгол улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, цаашид анхаарах асуудал” сэдэвт илтгэлийг тавив. Уг илтгэлээр, ХДХВ, ДОХ-той тэмцэх илүү үр ашигтай, тогтвортой хөтөлбөрийг зорилтот хүн амд чиглүүлж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, түүнчлэн энэхүү үйл ажиллагаанд олон салбарын оролцоог хангаж, уялдаа холбоог сайжруулах, санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудалд цаашид анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа.



 Мөн ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал ХДХВ, ДОХ-ын асуулаарх хууль, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 90 дүгээр тушаалаар “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж буй гэдгийг дурдав.

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу хэлэхдээ, ХДХВ-ийн асуудал нь өөрөө дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Зам тээвэр, хүн амын хөгжил, хүний эрх зэрэг олон салбарын оролцоо шаарддаг асуудал гэдгийг онцолсон.



 Өнөөдрийн байдлаар 21.000 орчим Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс албан бус тоогоор Эрүүл мэндийн чиглэлээр 200 орчим, ХДХВ-ийн асуудлаар 30 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 Чуулганы үеэр “Залуус эрүүл мэнд ТББ”-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж хэлэхдээ, төрийн бус байгууллагууд ХДХВ-ийн асуудалд өндөр хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр энэ асуудалд төрөөс санхүүжих санхүүжилт сул байдаг. Мөн ДОХ-ын шинэчлэн батлагдсан хуулиа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

  ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Үндэсний VI чуулганыг ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ, ДЭМБ, Глобаль сан болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

 Уг чуулганд салбарын яамд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор байгууллагууд, сэтгүүлчид, уг чиглэлээр ажилладаг эмч нар, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудын 200 гаруй төлөөлөгч уригдан оролцож байна.

 Оролцогчид “Урьдчилан сэргийлэлт(өндөр эрсдэлт бүлгийн залуучууд), “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээ”, “Стратегийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ” гэсэн 3 салбар хуралдаанаар өөрсдийн байр суурь, саналаа солилцлоо. Салбар хуралдаануудын явцад хэлэлцэгдсэн шийдвэрлэх асуудал, зөвлөмжийн төслийг үндэслэн “ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Үндэсний VI чуулган”-аас нэгдсэн зөвлөмж, уриалгын төслийг боловсруулах юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)