Б.Энхцэцэг: ”350-450 грамм цусаар гурван хүний амь насыг авардаг”
- 2013-11-28
- Эрүүл мэнд
- 0
-Ерөнхийд нь авч үзэхэд 17-39 насны залуучууд нийт донорын 80 гаруй хувийг эзэлж байгаа. Үүнээс харахад, Монгол Улс харьцангуй залуу донортой. Бүхий л их, дээд сургуулийн оюутан залуус идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил ХААИС-ийн оюутнуудыг донорын эгнээнд нэгтгэсэн-
МУЗН, ЦССҮТ,” Оюуны дархлаа” ТББ хамтран “Цусны хангамж ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Уг сургалтаар Монгол Улсын Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, орсон заалтуудыг сурталчлах, нийгэмд донорын талаар үнэн зөв мэдээлэл хүргэх, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв. Энэ үеэр МУЗН-ийн цусны донорын хөтөлбөрийн зохицуулагч Б.Энхцэцэгтэй ярилцлаа. -Иргэдийн дунд донорын талаарх ойлголт хомс байдаг. Донор гэж яг ямар хүнийг хэлэх вэ?
-Өөрийнхөө цус болоод цусны бүрэлдэхүүн хэсгээ сайн дураараа ямар нэг шан харамж авахгүйгээр хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор цусаа өгч байгаа хүнийг донор гэнэ. Өнгөрсөн зуунд нэгдүгээр бүлгийн цустай хүн донор байна гэсэн буруу ойлголт байдаг байсан. Одоо бол энэ буруу ойлголт харьцангуй өөрчлөгдөж байгаа. Хүний цусыг үндсэн дөрвөн бүлэгт хуваадаг.
-Цусаа өгөхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?
-Хүн амын дунд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэлийн улмаас цус алдалт ихэсч, хорт хавдар гэх мэт аймшигт өвчлөл газар авч байна. Хорт хавдрын бүх төрлийн эмчилгээний үед цус багасдаг. Мөн хөдөөнөөс хот уруу чиглэсэн их нүүдэл, хүн амын төвлөрөлтэй холбоотой зам тээврийн аваар осол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Ийм үед цус, цусан бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог. Иймд иргэн бүр донорын эгнээнд нэгдэж, цусны хэрэглээг бүрдүүлэх сайхан сэтгэлийн үйлст нэгдээсэй гэж хүсч байна.
-Дэлхий дахинд цусны хэрэглээ хэр их байдаг вэ. Цус, цусан бүтээгдэхүүний хангамж, нөөц манай улсад хэр байгаа вэ?
-Дэлхийн хэмжээнд тухайн улс, орны нийт хүн амын гурван хувь нь донор байвал хангалттай гэж үздэг. Манай улсын цусны нөөц 0.75 хувь Улаанбаатар хотод 1.3 хувь байдаг. Жилд 107 сая нэгж цус цугларч, бага буурай орнуудын цус сэлбэлтийн 65 хувийг таван насны хүүхдүүдэд хэрэглэж байна. 234 сая томоохон мэс засал хийгдэж байна. 63 сая хүн осол гэмтлээс мэс засалд орж, авто ослоор 20 сая хүн гэмтэж 1,2 сая хүн нас барж, 31 сая хүн хорт хавдраар өвчилж гурван сая хүн эндэж байна. 10 сая эх хүндрэлтэй төрж, нэг хоногт 1000 эх төрөлтийн хүндрэлээс нас барж түүний 25 хувь нь цус алдалтаас эндэж, байнга цус хэрэглэдэг цусны эмгэгтэй 300 мянган нярай төрж байна.
-Донор болох хүнд ямар шаардлага тавьдаг вэ. Цусаар дамжих халдварын бүхий л шинжилгээг өгөх хэрэгтэй болдог байх?
-Аюулгүй цусны нөөц бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. ДЭМБ-ын донорын ёс зүйн кодекст “17-60 насны хэн ч хүйс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлахгүйгээр донор байж болно” гэж заасан байдаг. Тэгэхээр эрүүл монгол иргэн бүр донор болох боломжтой. Тухайн хүн 45 кг-аас дээш жинтэй, элдэв өвчин эмгэггүй бол цусаа бэлэглэх үйлст нэгдэж болно. Хэрвээ та хэн нэгэн хүний амь насыг аварч,цусаа өгч, аз жаргал бэлэглэхээр шийдсэн бол өөх тостой хоол, архи дарс хэрэглээгүй байх шаардлагатай. Мөн сайн унтаж амарч, ариун цэвэр сахьсан байх хэрэгтэй. Донор болох гэж байгаа хүн цусны бүхий л төрлийн шинжилгээнд хамрагдсан байх хэрэгтэй. ВС вирус, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөөд ямар нэгэн халдвар байхгүй бол донор болоод явах боломжтой. Тэгэхээр таны өгсөн 350-450 грамм цус дөрвөн хүнийг эрүүл амьдрах бололцоог хангаж байгаа юм.
-Тухайн хүн нэг удаа цусаа өгөхдөө 350-450 граммыг өгнө гэсэн үг үү. Нэг хүн жилд хэр их хэмжээний цус өгөх боломжтой байдаг вэ. Өгсөн цус нь эргээд хэдий хугацаанд төлждөг вэ?
-Хүний биед 4-5 летр цус агуулагдаж байдаг. Тэгэхээр тухайн донор маань нэг удаа цусаа өгөхдөө 350-450 граммыг өгдөг. 4-5 литр цуснаас 350 граммыг авахад тухайн хүний бие муудахгүй. Учир нь хүний ууж байгаа ус нь цусны шингэн хэсгийг бүрдүүлээд явчихдаг. Хүний цус гурван сар тутамд эзэлхүүний болоод чанарын хувьд бүрэн төлжиж байдгийг анагаах ухаан баталсан. Эрэгтэй хүний цус хоёр, эмэгтэй хүнийх гурван сар тутамд эргэн төлждөг. Хүн нэг удаа цусаа өгөхөд алтан суварга бүтээхээс ч илүү буян хураадаг гэж ярьдаг. Тиймээс иргэд айж эмээх зүйлгүй, цусаа өгч буяны үйлст бидэнтэй нэгдээрэй. Донор хүмүүсийг хамруулсан судалгаанаас харахад, зүрх судасны өвчлөл болоод өөр ө вчлөлд өртөх боломж бага байдаг.
-Донор хүмүүст төр засгаас болоод танай байгууллагаас хэр анхаарал тавьж байна. Нийгмийн
халамжын үйлчилгээг хэр үз үүлдэг вэ?
- Манай нийгэмлэг донор хүмүүсийг урамшуулж ирсэн. Хүний сайн сайхны төлөө байнга цусаа өгдөг хүмүүсийг Энэрэнгүй, Ачтан донор цол олгодог. Түүнчлэн 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудыг Монголын Улаан загамлайн нийгэмлэгийн хүндэт донор цол тэмдгээр шагнаж өргөмжлөл олгодог. Өнөөдрийн байдлаар манай улсад 1600 гаруй хүндэт донор бий.
-Манай улсад хэдэн донор байдаг вэ. Жилд хэдэн литр цус цугларч байна?
-2012 оны байдлаар 2853 донор цусаа өгсөн дүн мэдээ байгаа. 1500 мянга нь Улаанбаатар хотод, үлдсэн хэсэг нь хөдөө орон нутагт цусаа өгсөн. Энэ оны судалгаа хараахан гараагүй. 2012 оны судалгаагаар бол 900 гаруй литр цус цуглуулсан.
-ЦССҮТ-тэй хамтран явуулын донорын сурталчилгаа хийдэг гэсэн. Энэ талаараа тодруулаач?
-2007 онд батлагдсан “Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах” Төрийн бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөний Зорилтын 3.18-д үндэсний болон орон нутгийн төвшинд донорын талаарх мэдлэг олгох сургалт, сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сурталчилгааны бүх хэлбэрийг ашиглан тогтмол явуулах, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулан, эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ ажлынхаа хүрээнд манайх ЦССҮТ-тэй хамтран явуулын донорын сурталчилгаа хийдэг. Явуулын сурталчилгаа Улаанбаатар хотод түлхүү явагддаг. Явуулын хэлбэрээр жилдээ 200 удаа цус цуглуулдаг. Нийт цус цуглуулалтын 40 хувийг ЦССҮТ дээр суурин хэлбэрээр, 60 хувийг явуулын хэлбэрээр зохион байгуулдаг. Учир нь цусны хэрэгцээ маш их байдаг. Тиймээс нийслэлийн найман дүүрэг, төмөр замын Улаан загалмайн хороотой хамтраад жилийн явуулын суртчилгааны график гаргасан байдаг. Өдөр бүр их, дээд сургууль албан байгууллага ард иргэд донорын талаарх үнэн бодит мэдээлэл өгч, цусаа өгснөөр иргэн та хэн нэгэнд амьдрал бэлэглэж байна гэсэн ойлголт өгөөд л явж байна.
-Донорын эгнээнд оюутан, залуучууд хэр нэгдэж, цусаа өгч байна вэ?
-Ерөнхийд нь авч үзэхэд 17-39 насны залуучууд нийт донорын 80 гаруй хувийг эзэлж байгаа. Үүнээс харахад, Монгол Улс харьцангуй залуу донортой. Бүхий л их, дээд сургуулийн оюутан залуус идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил ХААИСийн оюутнуудыг донорын эгнээнд нэгтгэсэн.
-Цус хэрэгтэй байгаа хүнд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хийгдэж байгаа гэсэн. Чөмөг цусыг орлож чаддаг гэсэн үг үү?
-Цус төлжүүлэх эрхтний мэс засалд орсон, өвчтэй хүнд эрүүл хүний чөмөг суулгаж өгнө гэсэн үг л дээ. Эрүүл хүний чөмгийг суулгаснаар жинхэнэ цусны эд эсүүд төлждөг.
-Цусаа өгөхийг хүссэн хүн хаана хандах вэ?
-Улсын клиникийн төв эмнэлгийн ард талд байрладаг ЦССҮТ дээр ямар ч бүлгийн цустай хүн цусаа өгөх боломжтой.
С.ИЧИНХОРЛОО

Сэтгэгдэл (1)
ххх (112.72.13.238)
цус өгөөд мөнгө авдинмуу