Хандив цуглуулах 88 өдрийн аян эхэллээ

Монголын эмэгтэйчүүдийн сан “Охид, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалъя” сэдэвт 88 өдрийн хөрөнгө босгох аяныг 2004 оноос эхлэн найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд босгосон хөрөнгийг охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахад зориулж ирсэн. Хандив цуглуулах аян жил бүрийн Хүний эрхийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-иас эхэлж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон гуравдугаар сарын 8-ныг хүртэл 88 өдөр үргэлжилдэг аж. Энэ удаагийн 88 өдрийн аянд охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”, “Хүний эрх хөгжил” төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих “Гэрэл түшиг” төв, “Эмэгтэй удирдагч сан” зэрэг байгууллагууд нэгдэж, хамтран хандив цуглуулахаар болжээ. Тэд цуглуулсан хандиваараа нийслэлийн 28 дунд сургуулийн 6000 өсвөр насны охид, хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх аян, сургалт, хэлэлцүүлэг, “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн халдашгүй байдал” олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх ярилцлага, хэлэлцүүлэг, баримтат нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэгт зориулах аж. Мөн олон нийтийг оролцуулсан хоёр удаагийн кампанит ажил, өсвөр насны охид, хөвгүүдээс бүрдсэн үе тэнгийн сургагч нарыг бэлтгэж, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй эмзэг бүлгийн үе тэнгийнхнийхээ ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)