Сэтгэл байвал эмнэлгийн барилгыг гуравхан сарын дотор барьж болно
- 2013-12-20
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн салбарт хамаатай 38 барилга байгууламжаас 30 нь хөдөө, орон нутагт, найм нь нийслэлд баригдаж байна. Эдгээрийн таван барилгын угсралтын ажил 2010 онд, 17-гийнх нь 2011 онд, 16 барилгын ажил 2012 онд эхэлсэн бөгөөд 17 нь гэрээний дагуу ажил нь явагдаж байгаа, 16 нь барилга угсралтын ажил удааширсан, тав нь нам зогссон гэсэн ангилалд оржээ. Одоогоор нам зогссон энэхүү таван барилгын ажлыг царцааж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж. Ирэх оны дөрөвдүгээр сард улсын төсөвт тодотгол хийх хүртэл эдгээр царцсан барилгуудыг “гэсгээх” ажлуудыг хийж эхэлнэ. Гэхдээ шууд “гэсгээнэ” гэсэн үг биш. Аудит, АТГ гээд холбогдох хууль хяналтын байгууллагуудын албан ёсны дүгнэлт гарсны дараа гүйцэтгэгч компаниудын нэхсэн санхүүжилтийг тодотголоор өгөх эсэхийг шийдэх юм байна.
Төрөх эмнэлгийн барилга дөрөв дэх жилдээ “дуншиж” байна
Одоогоос хоёр жилийн өмнө Яармагийн дэнж дээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу 300 ортой төрөх эмнэлгийн шавыг тавьсан түүхтэй. "Удахгүй ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал багасна" хэмээн сайд, дарга нарын амлаж байсан энэ барилгын ажил хоёр оны зааг дээр юун ашиглалтад орох, бүрмөсөн зогсчихоод байна. Барилгын гүйцэтгэгчээр "Нийслэл өргөө", "Пума" ХХК шалгарч 18 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын ажлыг гүйцэтгэхээр 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд гэрээ байгуулж гарын үсэг зуржээ. Тохирсон ёсоор талууд 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгахаар гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Гэтэл өнөөдөр товлосон хугацаа дуусч, иргэдийн хүсэн хүлээж байсан төрөх эмнэлэг үйлчлүүлэгчдээ хүлээж авах нь бүү хэл баригдаж ч дуусалгүй хуучин оныг үдэх гэж байна. Барилга угсралтын ажил одоогийн байдлаар 68 хувьтай байгаа. Хамгийн хачирхалтай нь дэд бүтцээс хол, халуун хүйтэн усгүй газар сонгож төрөх эмнэлгийн шавыг тавиад зогсохгүй одоогийн газар дээгүүр төв замын газрын зөвшөөрлийг өгч давхцуулсан нь ажил удаашрахад нөлөөлжээ. Энэ жил шинэчлэлийн Засгийн газраас Яармаг, Нисэх орчим дахь орон сууцны шинэ хорооллын дэд бүтцийг барьж, уг төрөх эмнэлгийг халуун, хүйтэн устай болгох боломж бүрдүүлсэн ч гүйцэтгэгч компанийн нэхдэг санхүүжилт хоёр дахин өсч, 30 гаруй тэрбумд хүрчээ. УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр ямар сайндаа л “Ээжүүдийг амаржуулах тухай бодохоосоо илүү тэднийг төрүүлэх нэртэй байшингийн уралдаанд оролцсон” гэж Ерөнхий сайд ёгтлохов дээ. Төрөх эмнэлгийн барилгатай хаяа нийлүүлэн Геронтологийн төвийн барилгын ажил эхлүүлсэн нь мөн л зогсжээ. Ахмадуудад нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зорилготой, 60 ортой энэ эмнэлгийг 4.7 тэрбум төгрөгөөр барихаар "Арвис интернэйншл" ХХК 2012 оны аравдугаар сарын 28-нд анх гэрээ байгуулсан байх юм. Энэ сарын 25 гэхэд гэрээний хугацаа дуусах гэж байгаа ч барилгын ажлын явц 45 хувьтай яваа гэж ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер С.Жамбалнаваг хэлэв. Гэтэл тус компани нийт санхүүжилтийнхээ 90 орчим хувийг авчээ. Гүйцэтгэгч компанийг авсан санхүүжилтдээ тохируулж ажлаа шуурхай хийх үүрэг даалгаврыг захиалагч талаас олон удаа өгсөн ч биелүүлдэггүйгээс гадна нэмж 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нэхжээ. Он дамжиж баригдаж байгаад зогссон иймэрхүү таван барилга бий. Удаах нь улсын нэгдсэн төв эмнэлгийн өргөтгөл. Өргөтгөлийг "Гангар инвест" ХХК барихаар 2011 оны наймдугаар сард гэрээ байгуулсан. Хэдийгээр гэрээний хугацаа ирэх оны гуравдугаар сард дуусах ёстой ч өргөтгөлийн барилга зураг төслийн өөрчлөлтөөс шалтгаалан барилгын угсралтын ажил зогсоод байна. Уг өөрчлөлтийн зураг төслийг БНСУ-ын "Мүү Ёнг" компани хийж гүйцэтгэсэн бөгөөд зураг төсөл, төсөвт магадлал хийж баталгаажуулаагүй гэсэн үндэслэлээр ажил зогсжээ. Мөн Говь-Алтай аймгийн Цээл суманд 10 ортой хүн эмнэлгийн барилгыг барихаар "Гуулин тал" компани хоёр жилийн өмнө гэрээ байгуулжээ. Гэвч барилга угсралтын ажилд технологийн алдаа гаргасан, чанарын шаардлага хангахгүй тоосго хэрэглэснээс шалтгаалан нэгдүгээр давхрын ханын өрлөгийг бүхэлд нь буцаан буулгаж дахин угсралтын ажлыг эхэлсэн боловч энэ онд тодорхой шалтгаангүйгээр барилгын ажил хийгдэлгүй бүрмөсөн зогсоод байна. Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 15 ортой хүн эмнэлгийн барилгыг "Бэржин уньт" компани гүйцэтгэхээр жилийн өмнө гэрээ байгуулсан ч барилга угсралтын ажил хангалтгүй явагдсаар гэрээний хугацаа дуусах ойртоод байна. Ёстой л сэтгэл дутна гэгчийг л эндээс харж болохоор.
Архангайн Тариат сумын эмнэлгийг гурван сарын дотор барьжээ
Дээр дурдсан барилгууд бол он дамжин баригдаж буй “архаг”-ууд. Эрүүл мэндийн яам удаашралтай баригдаж буй дээрх шиг 38 барилгын зэрэгцээ энэ жил эхлүүлсэн ес, нийт 47 барилга байгууламжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ жил шав тавьсан хэрнээ маш богино хугацаанд ашиглалтад орсон барилга бий. Тухайлбал, Архангай аймгийн Тариат сумын 20 ортой эмнэлгийг онцолж болох юм. Өнгөрсөн наймдугаар сард ажлаа эхэлсэн энэ эмнэлгийн барилга хэдхэн сарын дотор баригдаж дуусаад саяхнаас орон нутгийнхандаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна. Хөдөөд, тэр тусмаа алслагдсан суманд шинэ эмнэлэг барина гэдэг маш таатай үйл явдал. Сэтгэл байвал, менежментээ хийж чадвал богино хугацаанд юу ч бүтээж болдгийг Тариатын хүн эмнэлгийн барилгыг хэдэн сарын дотор дуусгасан энэхүү үйл явдал харуулж байна. Энэ талаар Архангай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Р.Гандиймаагаас тодруулахад “Тариатын сум дундын эмнэлэг тойргийн зургаан сумын 23 мянга орчим хүн амд үйлчилдэг. Энэ нь гурван сарын дотор ийм хэмжээний барилгыг барьж ашиглалтад оруулах боломжтойг харууллаа” хэмээн үнэлсэн. Үнэхээр түүний хэлсэнчлэн эмнэлгийн барилгыг тухайн ондоо дуусгаж ашиглалтад оруулснаараа Тариатын эмнэлэг эрүүл мэндийн салбарт хамгийн сайн жишээ болж байна. Эрүүл мэндийн салбарт Тариатынх шиг чихэнд чимэгтэй жишээ олон бий. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилга гэхэд ирэх жил ашиглалтад орно. Одоогийн байдлаар төлөвлөсөн ажлынхаа ихэнх хэсгийг нугалаад байна. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Шинэ төвийн барилга маань сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, бидний хамгийн гол харилцагч болох доноруудад үйлчлэх, сургалт сурталчилгаа явуулах иж бүрэн техник технологиор хангагдсан. Цусны албанд шаардагдах лабораторийн шинжилгээ, агааржилтийн стандартыг бүрэн хангасан. Манай төв 2018 онд магадлан итгэмжлэгдэх зорилт тавьж байгаа. Энэ стратегийн хүрээнд одооноос эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, техник технологийг нэвтрүүлэх ажлын эхлэл тавигдаж байна” гэлээ. Эмнэлэг бол өвөрмөц орчин. Орон сууц, дэлгүүр хоршооноос тэс өөр нөхцөл шаарддаг. Үйлчлүүлэгчийн тав тухыг хангахаас эхлээд орны тоо, өвчтөний өрөө талбай, агаарын болон орчны температур гэх мэтчилэн эмнэлгийн барилгад маш олон шаардлага, стандартыг хатуу мөрдөх ёстой. Тухайлбал, мэс заслын вакум өрөөний өндөр 3-4 метр байдаг аж. Бусад өрөөний хувьд дунджаар 2-5 метр өндөртэй байдаг. Яамны зүгээс энэ талд онцгой анхарч байгаа бөгөөд 2013 онд эмнэлгийн байгууллагын орчны эрүүл ахуйн стандартыг баталсан гэж яамны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Л.Гэрэлт-Од ярьж байна.
Баянгол эрүүл мэндийн нэгдлийн барилга угсралтын ажил 85 хувьтай байна. Угсралтын ажил ерөнхийдөө дууссан бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани, захиалагч тал ажиллаж байна. Баянгол дүүрэг албан бус тоогоор 215 мянган хүн амтай. “Манай эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй орчин нэлээд сайжирна. Зургаан чиглэлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно. Энэ хүрээнд орон тоо маань одоогийнхоос 30 хувиар нэмэгдэнэ. Үйлчлүүлэгчдээ хүртээмжтэй байдлыг хангахуйц, чирэгдлийг бууруулж чадах ашигтай хөрөнгө оруулалт болсон” гэж эрүүл мэндийн нэгдлийн дарга Ө.Батжаргал ярив. Орчин үеийн эмнэлгийн барилгад ямар технологи шаардагддаг тэр бүхнийг эл барилгад шингээхийг зорьжээ. Эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээг багтаасан Баянголынх шиг эмнэлэг Чингэлтэй дүүрэгт баригдахаар зураг төслийн ажил эхлээд байгаа аж. Тус эмнэлэг үүнээс илүү хүчин чадалтай буюу 230 ортой байх юм байна.
Удахгүй өвчтөнүүдээ шинэ байранд хүлээж авахаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон шаргуу ажиллаж байна. Баяртай байгаа ч гэж жигтэйхэн. Энэ жил тус эмнэлгийнхний хувьд хоёр томоохон үйл явдал тохиожээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдсэний зэрэгцээ 220 ортой шинэ цогцолборыг нь долдугаар сарын 5-нд улсын комисс хүлээж авсан байна. 84 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв одоогийн байдлаар 450 хэвтүүлэн эмчлэх ортой. Амбулатори, нөхөн сэргээх хэсэгтэй. Мөн 437 эмч, ажиллагсадтай. Шинэ цогцолбортой болсноор 670 ортой үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Эмнэлгийн барилгыг барихдаа Италийн Милан хот, Өвөр Монголын Хөх хотын ижил төрлийн эмнэлгийн туршлагаас судалсан гэнэ. Сүүлийн 20-иод жилд сэтгэцийн эмгэг 8-10 дахин өссөн нь эмнэлгийг зайлшгүй өргөтгөх бодит шалтгаан болжээ. “Сэтгэцийн эмгэгийг бууруулах зорилгын хүрээнд бидний сэтгэлд нийцсэн, чанартай барилгыг цаг хугацаанд нь хүлээж авсандаа төвийн хамт олон баяртай байгаа” гэж тус төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл өгүүлж байв. Өргөтгөлийн барилгыг олон улсын стандартад нийцсэн зураг төслийн дагуу сүүлийн үеийн технологиор барьжээ. Барилгын эргэн тойронд өнгөлгөөний тоосго хийсэн нь гадна талын фасадын насыг уртасгах давуу талтай аж. Барилгын дээврийг сүүлийн үеийн америк технологиор хийсэн бөгөөд гүйцэтгэгч компани энэ дээвэрт 30 жилийн баталгаа өгсөн байна. Өвчтөнүүдэд чиглэсэн, тэр тусмаа нийгмийн онцгой анхаарал шаардагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан технологийг ч мөн шингээжээ. Одоогийн нөхцөлд хоёр эмч нэг өрөөнд суудаг аж. Хоёр эмч дээр хоёр өвчтөн хүн орохоор хажуугийн хүнтэй зэрэгцэж ярих, эсвэл бие биеийнхээ яриаг сонсох гэх мэтчилэн зохимжгүй байж. Харин шинэ төв ашиглалтад орсноор тухайн хүн зовиур шаналгаа, өөрт тохиолдсон зүйлээ эмчдээ чөлөөтэй ярих боломжтой бөгөөд ганцаарчлан уулзахад тохиромжтой орчныг бүрдүүлжээ. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумын 50 ортой эмнэлэг гэх мэт барилгын угсралтын явц, чанар байдал шаардлагын төвшинд яваа барилга цөөнгүй.
Он дамжсан барилгуудад гүйцэтгэгч компаниуд буруутай
Хэдий энэ салбарынхан эхлүүлсэн барилга байгууламжаа ашиглалтад өгөхийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа ч тэднээс шалтгаалахгүй зүйл ч зөндөө байна. Эмнэлгүүд он дамжин баригдаж дуншиж буйн цаад шалтгаан юу вэ. Мэдээж барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалж төсөвт өртөг нь хүрэлцэхээ больсон, барилгын материалын үнийн зөрүүгээс болж цаашид баригдахад санхүүжилтийн хувьд хүндэрсэн гэх мэт зовлон гүйцэтгэгч компаниудад бий. Он дамжин баригдаж байгаа барилга байгууламжуудын угсралтын ажлыг гүйцэтгэхэд нийт 87 526.0 сая төгрөг зарцуулахаар улсын төсөвт сууснаас одоогийн байдлаар 58 823.0 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн, үлдэгдэл 13 714.0 сая төгрөгийн санхүүжилт байна. Он дамжин баригдаж байгаа нийт 29 барилга байгууламжийн гүйцэтгэгчдээс барилгын материалын үнийн зөрүү болон нэмэгдэл төсөв шийдүүлэх хүсэлтээ ирүүлжээ. Мөн санхүүжилтээ дутуу авсан, барилга угсралтын явцад зураг төсөл өөрчлөгдсөн, тендертэй холбоотой маргаан гарсан зэрэг шалтгааны улмаас төлөвлөсөн хугацаандаа баригдаж дуусахгүй байгаа барилгууд байна.
Гэхдээ гүйцэтгэл нь удаашралтай, он дамжин баригдаж байгаа барилгуудын нэлээд нь гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалжээ. Жишээ дурдахад, Дорноговь аймгийн Сайншанд суманд 50 ортой эмнэлгийн барилгын ажлыг "Монинжбар" компани 2011 онд эхлүүлсэн ч барилга угсралтын ажлын явцад технологийн алдаа гаргаж хүйтний улиралд нэг давхрын багана дам нуруу хучилтыг цутгаснаас хөлджээ. Ийм учраас холбогдох байгууллагаас буулгах шаардлага тавьсны дагуу буулгалтын ажлыг дуусган угсралтын ажлыг дахин эхлүүлээд байна. Үүнээс шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулах боломжгүй болоод байгаа юм. Мөн гүйцэтгэгч компанийн ажлын хариуцлага, зохион байгуулалт хангалтгүй, ажиллах хүн хүч дутмагаас Архангай аймгийн Өгийнуур сумын эмнэлэг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын эмнэлэг, Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэг гэх мэтчилэн төлөвлөгдсөн эмнэлгийн барилгуудын ажил удааширч, улмаар товлосон хугацаандаа ашиглалтад өгөх боломжгүй болоод байна. Эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн ажлыг эрчимжүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлж байна. Үүнд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч гуравдугаар сард бүх гүйцэтгэгч байгууллага, зураг төслийн компаниудын төлөөлөлүүдтэй уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, объект бүрийн явц байдалд үнэлэлт өгч, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг зөвлөмж өгчээ. Мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд “Эмнэлгийн барилгын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар мэдээлж, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг тендерт шалгарсан компаниудтай хариуцлага тооцох, эмнэлгийн барилгын стандарт, норматив, зураг төслийг шинэчлэн тогтоох хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм. Мөн Төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хороо эмнэлгийн барилгуудад аудит хийж, худалдан авах ажиллагааны ил тод байдал хангалтгүй, зураг төсөл алдаатай, гүйцэтгэгч компаниудын гэрээний үүрэг хангалтгүй, газар эзэмшлийн асуудал зөрчилтэй байна гэсэн дүгнэлт гаргасан гэж ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй хэлж байв.
Хоёр өөр суманд баригдах эмнэлгийн барилга төсөв, зураг төслийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Шинэчлэлийн Засгийн газраас улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний зураг төслийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, дахин давтагдах барилга байгууламжуудын зураг төслийн нэг маягийн эх загвар зургийг боловсруулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам удирдан зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд манай салбарын 8 төрлийн 12 эх загвар зураг боловсруулагдаж байна. Ингэснээр төсөвт өртгийг хэмнэх боломжтой.
Судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хамгийн их баригдсан барилга бол төрөх эмнэлэг юм. Сумын эрүүл мэндийг дэмжих төв, эмнэлгийн өргөтгөлийн барилга ч мөн нэмэгдэж байна. Эмнэлгийн зориулалттай барилгыг ашиглалтад оруулснаар хүн амын эрүүл мэндийн чиглэлээр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг нөхөн хангахад чухал хувь нэмэр үзүүлнэ. Эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд юун түрүүнд эмч, ажилтнуудын ур чадвар хамгийн чухал. Түүнчлэн орчин үеийн шилдэг техник технологи, ялангуяа тэдгээрийг байрлуулах, өвчтөнүүдийн тав тухыг хангах, эмч ажилтнуудын ажиллах орчныг бүрдүүлсэн эмнэлэг зайлшгүй чухал юм. Энэ чиглэлд ЭМЯ онцгой анхаарч, хүн амын өсөлт, байршилд тохируулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх чиглэлээр эмнэлгийн барилгуудыг үе шаттай шинэчлэх, засварлах ажлыг хийж байна.
Ер нь сэтгэл байвал эмнэлгийн барилгыг хэдхэн сарын дотор барьж болдгийг Тариатын жишээ, сэтгэл дутвал хэдэн жилээр ч уяж болдгийг Яармагийн дэнж дэх төрөх эмнэлийн барилга харуулж байна.

Сэтгэгдэл (0)