Зүрх судасны өвчлөл ихэсчээ
- 2013-12-27
- Эрүүл мэнд
- 0
Сүүлийн жилүүдэд манай улсын залуусын дунд зүрх судасны өвчин ихсэх хандлагатай болж. Энэ нь залуусын хооллолт, амьдралын буруу хэвшлээс болж байгаа хэмээн эмч нар хэлж байна. Өөх тос ихтэй хоол идэш, хөдөлгөөнгүйгээр суух зэрэг нь компьютерийн ард сууж хөдөлгөөний дутагдалд орж байгаа нь ийнхүү өвчлөхөд хүргэж байгаа аж. Мөн архи тамхины хэрэглээ өндөр байгаа нь ч үүнтэй холбоотой. Манай улсад зүрх судасны өвчнөөр өвчлөгсөдийн тоогоор хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байна. Тиймээс мэргэжилтнүүд эл өвчнөөс сэргийлэхийн тулд амьдралын зөв хэвшил мөрдөж аль болох өөх тос багатай хоол унд хэрэглэхийг зөвлөж байна. Зүрх судасны өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлүүд:
- Нас: Эмэгтэйд 55-аас дээш, эрэгтэй 45-аас дээш байх
- Зүрх судасны өвчнөөр өвддөг удамтай байх
- Тамхи, архийг байнга хэтрүүлэн хэрэглэх
- Цусны даралт ихдэх өвчин
- Хэт таргалалт
- Чихрийн шижин өвчин
- Хөдөлгөөний хомсдол
- Тайлагдаагүй бухимдал, стресс зэрэг нь зүрхний өвчин үүсгэх эрсдэл болж байна
- Зүрхний өвчнөөр нэгэнт өвдсөн бол дахилтаас сэргийлэх нь маш чухал байдаг.
Зүрх судасны өвчнөөс сэргийлэх нь:
- Юуны өмнө зүрх судасны өвчний талаах үнэн зөв мэдээлэлтэй байх нь чухал. Энэхүү олж авсан мэдээлэл буюу эрүүл мэндийн боловсролоо амьдралдаа цаг ямагт ашиглах нь чухал.
- Хорт зуршлаасаа татгалз эсвэл түүнийг аль болох хатуу хяналтанд эрүүл мэнддээ хор болохгохгүйгээр хэрэглэ (тоог цөөл, давтамжийг багасга, чанартай бүтээгдэхүүн сонго.)
- Стрессээ тайлж сур. Энэ бол урт наслах хамгийн гол үндэс учир нь стресс мэдрэмж хоёр таны нэг хэсэг гэдэгт бүү эргэлз.
- Хөдөлгөөн бол урт наслахын үндэс өөрт тохирсон хөдөлгөөн бүр таныг эрүүл байлгахаас гадна гоо үзэсгэлэнтэй эрч хүчтэй байхад туслана.
- Зохистой хооллолт. Эдүгээ хүн төрөлхтөн хооллолт бол хамгийн энгийн үнэ төлбөргүй эмчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Амтны гайхамшиг бол цаг зуурын зүйл бөгөөд үр дагавар нь таргалалт, судас хатуурах эмгэгийн эх сурвалж гэдгийг сануулж байна.
- Ихэнх хүмүүс муу юм дуулалгүй байж байгаад нөгөө ертөнцөд очих тухай ярьцгаадаг. Гэвч өвчнийг эрт оношлож эмчлэх тусам эдгэрэх магадлал өндөр байдаг. Иймд та жилд нэгээс доошгүй удаа өөртөө зав гаргаж ач холбогдол өгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж эмчийн заасан шинжилгээг хийлгэж байгаарай.
С.ХОРЛОО

Сэтгэгдэл (0)