Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг яаравчлахыг салбарынхан нь санууллаа
- 2014-01-08
- Эрүүл мэнд
- 0
Энэ цаг үед хамгийн их уналттайд тооцогдоод буй эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо. МАН долоо хоног бүрийн мягмар гаригийг нээлттэй мэдээллийн цаг болгосоор даруй хоёр сарыг үдэж буй. Үүний хүрээнд энэ удаагийн ээлжит мэдээллээр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар ярилцахаар эмч, эмнэлгийн ажилчдыг урьж, оролцуулан уулзалт, ярилцлага хийлээ. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Отгонбаяр, МАН-ын дотоод асуудал, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар оролцож, иргэдийн санаа бодлыг сонслоо. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, зарим газрын дарга нарынхаа хамт ирсэн байлаа. Ингээд уулзалтын эхэнд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд тус тусын мэдээллээ өглөө. Үүнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан УИХ-ын Л.Энх-Амгалангийн мэдээлэл иргэдийн анхаарлыг нэлээд татаж байв. Мэдээллийн эхэнд эрүүл мэндийн салбарт үүсээд буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэр гаргагчдаас илүү салбарынхан өөрсдөө сайн мэднэ гэдгийг онцлоод өдгөө хэлэлцүүлгийн шатанд буй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн салбар оршин тогтноход нэгдүгээрт, санхүүжилтийн асуудал гэж онцолсон. Хоёрдугаарт, тэрбээр энэ салбарын засаглалын асуудлыг онцолсон. Түүнчлэн хамгийн чухал салбар болох эрүүл мэнд болон боловсролын салбарт ямар нэгэн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн томилгоонд цэг тавих ёстойг тодотгосон. Мөн шинэчлэлийн Засгийн газрын хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой салбар бол Эрүүл мэндийн салбар яах аргагүй мөн гээд иргэдийн амьдралд хамгийн ойр, нэн чухал салбар учраас тодорхой шийдвэр гаргах цаг нэгэнт болсныг санууллаа.
Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмж гэв. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тухай хуульд даатгалын санхүүжилт, засаглал, чанар хүртээмжийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх нь зөв гэж үзэж, энэ тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцолсон юм. Түүнчлэн түүний онцолсон бас нэг асуудал нь жинхэнэ утгаараа уналтад орчихоод байгаа салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар гэдгийг сайд нь ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хэрээрээр шаардлагатай байгаа ажлуудыг ч цаг алдалгүй хийх хэрэгтэй байна гэлээ. Эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан хүмүүсийн цалин урамшууллын асуудал муу, шийдэгдэхгүй байна. Эмч хүн ажилласан шиг ажиллаад ар гэртээ санаа зовохгүй зөвхөн ажилдаа санаа тавьдаг болох тэр орчинг бүрдүүлж, цалин хангамжийг сайжруулах шаардлагатай гэв. Цаашлаад биеэ үзүүлсэн хүн төлбөрийн мөнгөнийхөө дийлэнхийг халааснаасаа гаргаж байна. Энэ бол салбарын алдаатай бодлогын нэг илрэл хэмээв. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт 38 орчим мянган хүн ажиллаж байгаа. 2014 оны улсын төвсийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарт 570 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийджээ. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр 200 орчим тэрбум төгрөг энэ салбарт очиж байгаа нь нийт 760-780 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ салбарт зарцуулж байгаа гэсэн үг. Гэтэл энэ тоог ДНБ-тэй харьцуулахаар 2.7 орчим хувь байгаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжаар ДНБ-ий дор хаяж 7-9 хувьтай тэнцэхүйц санхүүжилтийг шийдэж байж эрүүл мэндийн салбараа авч явдаг байна. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй санхүүжилт нь харьцангуй бага байгаа аж. Тийм учраас энэ салбарын санхүүжилтийг зайлшгүй нэмэх шаардлагатай гэлээ. Ингээд тэрбээр Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдаж гарснаар ямар эерэг үр дүн гарахыг салбарынханд нь тайлбарласан. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэхийн тулд Эрүүл мэндийн корпорацитай болох аж. Энэ корпораци нь эмнэлгүүдтэйгээ гэрээ хийх замаар даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалах юм байна. Нэг үгээр бол эрүүл мэндийн салбарын өртөг зардал нь үйлчилгээнийхээ тарифаас хамаагүй өндөр гарчихсанд асуудлын гол байна гэв. Тиймээс цаашдаа эрүүл мэндийн даатгалыг төрөөс бүрэн дүүрэн даах, цаашлаад шаардлагатай хэсгүүдийн даатгалын мөнгөний хэмжээг нэмэх ёстой гэж үзэж буйгаа ч хэллээ. Өнөөдрийн байдлаар иргэдэд ердөө долоохон нэр төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Энэ хангалтгүй учраас цаашид нэмэх шаардлагатай гэлээ. Дэлхийн бусад оронд нийт хүн амын 3-8 хувь нь л жилд ямар нэгэн байдлаар эмнэлгийн үйлчилгээ авдаг байна. Гэтэл манай улсад хүн амын 25-26 хувь нь жилд нэгээс дээш удаа эмнэлгийн үйлчилгээ авдаг байна. Учир нь манай улсад хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй байсан ч заавал эмнэлэгт хэвтэж байж даатгалаас мөнгө авах боломж бүрддэгтэй холбоотой гэнэ. Энэ мэт асуудлыг даатгалын хуульдаа оруулах шаардлагатай байгаа гэв. Түүнчлэн эмнэлэг цаашдаа бие даасан байх шаардлагатайг ч мөн тодотгосон. Мөн хүн бүр эрүүл мэндийн цахим карттай байх бөгөөд түүгээрээ аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой болдог байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Цаашлаад улсын эмнэлгийн эмч нар бүгд өөрийн гэсэн хувийн эмнэлгүүдтэй болсныг энэ хуулиар зохицуулна гэлээ.
Нэг үгээр бол шинэ хуулиар нэг эмч нэг л газар харьяатай байх бөгөөд давхар ажиллуулахгүй байхыг хуульчилж байгаа аж. Мөн нэг өрхөөс нэг нь эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй байсан тохиолдолд нөгөө нь түүний оронд үйлчилгээ авч болдог байхаар хуульчилж байгаа аж. Түүний танилцуулсан хуулийн эдгээр өөрчлөлтийг иргэд таатай хүлээж авч байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн дэд сайд тэргүүтэй эмнэлгийн салбарынхан, иргэд, анагаах ухааны чигэлэлээр суралцаж буй оюутан залуусын төлөөлөл, эмнэлгийн салбарт насаараа ажилласан ахмадууд гэсэн олон талт оролцоог хангаж, тулгамдаж буй асуудлаа нээлттэй, илэн далангүй, ил тод ярилцсаны эцэст асуудлуудаа нэгэн цэгт зангидаж чадсан нь энэ удаагийн уулзалтын онцлог байлаа. Түүнчлэн төр, засгийнхны сонорт тэр бүр үгээ хүргэж чаддаггүй ард түмэнд чухал завшаан боллоо гэдгийг уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг зөв олж харан, оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хамдаа эрэлхийлэх нь уулзалтын гол зорилго гэдгийг МАН-ынхан онцолсон. Түүнчлэн ганц удаагийн уулзалтаар энэ бүхнийг шийдвэрлэх боломжгүй, тиймээс эрүүл мэндийн байгууллага, салбаруудаар тусгайлан уулзалт зохион байгуулснаа хэлж байлаа. Мөн эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар яригдаж буй энэ үед иргэд, олон нийт, ялангуяа салбарт нь ажиллаж буй эмч ажилчдаас саналыг нь авч шинээр гарах хуулийн төсөлд тусгах үүднээс нээлттэй, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа ажээ. Уулзалтын үеэр эрүүл мэндийн даатгал үр ашиггүй, эмнэлгийн барилга хангалтгүй гэх мэт олон асуудал хөндөгдөж байснаас эмч мэргэжилтнүүдийн цалин хангамж хүрэлцээгүй байдаг талаар олон иргэн ярьж тухайлан дурдсан. Шүүх хүчний байгууллагынхны цалин нэмэгдэж хэдэн саяар тоологдож байхад эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зогсч буй эмч нарын цалинг огт нэмэхгүй байгаад олон хүн шүүмжлэлтэй хандаж байлаа. Түүнчлэн ахмадуудын авдаг тэтгэвэр тэтгэмж эм тариагаа авахад хүрэлцдэггүй, өнөөдөр олонх нь авдаг 180 мянган төгрөгийн тэтгэвэр инфляци өссөн энэ үед нэг л эмний үнэ болчихоод байгааг иргэд дуу нэгтэй хэлж байна. Тэд энэ бүх саналаа Засгийн газар, Ерөнхий сайдад уламжилж өгөхийг хүссэн юм.М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл (1)
ХАЛДАГ СУУДЛЫН БҮРЭЭС (202.21.106.102)
АВТОМАШИНЫ ХАЛДАГ СУУДЛЫН БҮРЭЭС нь ашиглахад хялбар, та өөрийн автомашины суудал дээр байршуулаад залгуурыг (12V) тамхины асаагуурт залгана. 2-3 минутын дотор нуруу болон суудлын доороос хална. Бүх төрлийн машинд таарна. Хаягаар хүргэж өгнө. 1ш – 35000₮, 2ш – 60000₮ Монгол заавартай. Евро стандарт чанарын гэрчилгээтэй. Хаягаар хүргэж өгнө. 1ш – 35000₮, 2ш – 60000₮ Утас: 99133259