Ээжүүдийн туршлага шингэсэн 10 зөвлөмж

Хүүхдээрээ гэрийн ажил хийлгэхийн тулд яах ёстой вэ? Хүүхэд эмчид үзүүлэхээс айж байвал түүнийг яаж тайвшруулах вэ? Гэдэс нь дүүрсэн хүүхдийн хийг яаж гаргах вэ? Ээжүүд ээжүүддээ зориулан ийнхүү зөвлөж байна.
 
1- Хүүхдээ гэрийн ажилд оролцуулах

Гэр цэвэрлэх, ойр зуурын ажилд хүүхдээ оролцуулахыг хүсвэл та түүнд “чи надад гэр цэвэрлэхэд тусалбал би чамтай хамт чиний дуртай тоглоомыг тоглож, цагийг хамтдаа өнгөрүүлье” гэж хэл. Тэр ч бүү хэл, тодорхой  цаг зааж өгч болно. Тухайн заасан цагийг хүртэл тоглоомоо хураах эсвэл тоос арчих ажлыг даалгах нь үр дүнтэй байж болно. Хүүхэд аяндаа юмуг уралдаж хийх дуртай болдог.
 
2- Хүүхэд тань орондоо шээдэг бол

Шөнө дунд орны даавуу хуулж, хөнжил гудас солих ажлыг хөнгөлөхийн тулд даавуу давхарлаж хүүхдийнхээ дор тавьж болно. Ингэхдээ давхарласан даавууны дунд хэсэгт хулдаас эсвэл шээсийг шингээх орны хамгаалагч байршуулах хэрэгтэй. Хүүхэд тань шөнө дунд шээвэл хамгийн дээд талын даавуу болон хулдаасыг хуулж, дахин 1 давхар даавууны дор хулдаасыг байрлуулахад хангалттай. Ингэснээр та ч шөнө дунд ажил хийж гүйхгүй, хүүхэд тань ч нойрноосоо сэрэхгүй унтах болно.
 
3- Онолыг ажил болгох

Хүүхдэд ойр ойрхон “аваад өгөөч, надад туслаач”, “баярлалаа” гэх зэргийн соёлтой үгсийг хэлж хэрэглэж байх хэрэгтэй. Газраас тоглоомоо аваад таны гарт атгуулах бүрт үүнийг давтан хэлж, 10 удаа давтсан ч, цуцалгүй 10 удаа ингэж хариул… Тэр танд талархал илэрхийлбэл “зүгээр зүгээр” гэж хариулах хэрэгтэй. Хүүхдэдээ энэ үгийг ийм газар хэрэглэх хэрэгтэй гэж онол зааж сууснаас өдөр тутамд хэрэгжүүлж хэвшил болговол хүүхэд үүнд суралцаж чадна.  Тагтай, хоосон нэг савыг хүүхдийнхээ эд зүйлс, тоглоомоор дүүргэж болно. Ингэх нь замбараагүй байдлыг зогсоож, хүүхэд ч хүссэн үедээ тоглоомоо авч тоглох бүрэн боломжтой болно.
 
4- Эмчийн айдас

Хэрвээ таны хүүхэд эмчээс эсвэл шүдний эмчээс айдаг бол эмчид үзүүлэхээр явахдаа түүний хамгийн ойр дотны найзыг хамтад нь авч яваад үз. Хүүхэд тань найзынхаа дэргэд зоригтой байна гэдэгт итгэлтэй байна.
 
5- Зөрүүд хүүхэдтэй зохицох
Таны зарим үед зөрүүдэлж чангаар уйлж таныг зовоодог бол түүнд “өрөөндөө оч, инээмсэглэсэн гоё нүүр царайтай болохоороо гарч ирээрэй” гэж хэлж болно. Гарч ирэхдээ инээгээд гарч ирэх болно. Энэ хэлбэрээр түүнээс сөрөг хандлагаа эерэг болгон хувиргахыг хүсэж байна гэсэн үг.
 
6- Хоёр хүүхдээ хооронд нь зохицуулах
Таны хоёр хүүхэд хоёулаа нэг тоглоомоор тоглоно гээд булаацалдаад байна уу? Гэрт болж өнгөрсөн жижигхэн дайны халуун цэг! Үүнийг даван туулах арга бий. Та сэрүүлэгтэй цаг ашиглаж тоглоомыг нь хуваарилж өгч болно. Жишээ нь цагны сэрүүлэг дуугарах хүртэл тоглож байгаад сэрүүлэг дуугармагц дүүдээ тоглоомоо өгөхөөр тохирох хэрэгтэй. Энэ нь хүүхдүүдэд шударга бөгөөд бусдыгаа хүндэтгэн хүлээх ухааныг зааж сургадаг давуу талтай арга барил юм.
 
7- Та яаж амарч болох вэ?

Хүн болгон танд “хүүхдээ унтахаар нь хамт унтаж бай” гэж зөвлөдөг. Уг нь бол энэ нь “Хүүхдээ унтаж байхад амар” гэсэн утгатай үг байх ёстой. Толгойд олон зүйл бодогдоостой байвал хүн унтаж чадахгүй. Гэхдээ хөлөө дээш өргөж хэвтээд 1-1,5 цаг юу ч бодолгүй амарч болно. Мөн амрах зорилгоор өөрийгөө тайвшруулж, дуртай зүйлээ хийж амрах нь унтаж байхдаа хүүхдийн уйлах дуугаар цочиж сэрэхээс илүү сайхан амралт болно.
 
8- Таны хүүхдийн гэдэс дүүрдэг бол

Таны хүүхдийн гэдэс нь дүүрч их уйлдаг бол гэдэс дүүрэлтийг багасгахад тустай жижигхэн зөвлөгөө өгье: Жижигхэн оймсонд цагаан будаа хийж, бүлээн жин болгож болно. Оймсонд хийсэн цагаан будааг 30 секунд шарах шүүгээнд байлгаад хүүхдийнхээ гэдсэнд жин тавьж, хийг нь багасгаж болно. Мэдээж та хүүхдийнхээ гэдсэнд халуун зүйлийг шууд тавилгүй, өөрийнхөө арьсанд хүргэж халуун эсэхийг нь шалгаад жингээ тавиарай.
 
9- Уйлдаг хүүхэд
Таны хүүхэд нэг уйлахаараа тайвширахаа мэдэхгүй удаан уйлдаг бол тоос соруулагч асаагаад үз. Учир нь нярай хүүхэд ийм дуунд дуртай байдаг бөгөөд үүнийг сонсоод тайвширдаг. Нэг сумаар хоёр туулай буудаад ав! Хүүхэд тань тайвшрууда дуугүй болох хооронд та тоосоо соруулаад аваарай.
 
10- Хуруу лентийг яаж хуулах вэ?

Та хүүхдийнхээ шархадсан газар наасан хуруу лентийг хуулах цаг болжээ. Харин хүүхэд тань өвдөнө гэж айгаад байвал вазелин хэрэглээд үз. Огт өвдөхгүй байх болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.11.94)

    2014-01-17

    goy zuwluluguu b.a