Г.Цэцэгсүрэн: ”Ус сайн ууж, хөдөлгөөнтэй байвал өвчлөхгүй”

Сүүлийн өдрүүдэд ханиад томууны өвчлөл нэмэгдэж байгааг ХӨСҮТ-өөс анхааруулсаар байна. Хүүхдийг ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Г.Цэцэгсүрэнтэй ярилцлаа.

-Өндөр хэмтэй халуурдаг ханиад хүүхдүүдийн дунд ихээр гарах боллоо. Ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

-Өвлийн улиралд ханиад томууны өвчлөл ихэсдэг. Манай эмнэлгийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бага насны хүүхдэд амьсгалын замын эмгэг тусах нь ихэссэн. Ихэвчлэн 0-5 насны хүүхэд ханиад хүрч, хатгаа авч, хүндэрсэн байдалтай ирж байна. Үзүүлж байгаа ихэнх хүүхэд эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндэрчихээд ирж байна. Энэ нь эцэг эхийн анхааралгүй, хэнэггүй байдлаас шалтгаалж байна. Хүүхэд ханиалгаад ихэлвэл шууд л эмийн сангаас ямарч хамааралгүй эм аваад уулгачих юм. Эмчийн зааварчилгагүйгээр хэзээ ч эм хэрэглэж болохгүй. Олон төрлийн антибиотек хэрэглэсэн хүүхдэд эмчилгээ хийгээд бие нь төдийлөн сайжирдаггүй. Хүний бие организм 108 тэрбум эсээс тогтдог. Эсийн бүтэц зөв байвал хүүхэд өвчлөхгүй. Эсийн бүтэц буруу болохоор л хүүхэд өвчилж байгаа юм. Эсийн бүтцийг зөв байлгахын тулд хүний биед гаднаас орж ирж байгаа хоол хүнсэнд л анхаарах хэрэгтэй. Уураг, амин дэм, эрдэс бодис, ислэг, өөх тос, нүүрс ус, ус гэсэн долоон зүйлийг тэнцүү хэмжээтэй өгөх ёстой. Тэгвэл хүүхэд, том хүн аль нь өвчлөхгүй. Өвчин гэдэг эзэндээ гомдсон эсүүдийн ажил хаялт гэсэн үг. Эсийн бүтцийг зөв болгох хэрэгтэй. Үүний тулд усны солилцоог байнга хийх нь чухал. Ус уухгүй болохоор хүний бие эрхтэн дотор байгаа усаа хадгалж эхэлдэг. Саванд ус хийгээд таглаад гурав хоноход л мууддаг шүү дээ. Хүний бие ус уухгүй болохоор эрхтэн болгондоо ус хадгалдаг юм. Усны солилцоо хийхгүй бол уушгиндаа ус хадгалж тэр нь ханиад болдог. Хоолой, эд эрхтнүүд өвддөг. Тухайлбал, 15 кг жинтэй хүүхдэд хоногт 1.5 литр ус заавал уулгах ёстой. Тэгэхээр тархины даралт ихсэхгүй, ханиад хүрэхгүй байж чадна. Хоёрдугаарт хоолоо зөв зохицуул. Цагаан будаа, цагаан гурил, хүүхдийн будаа, гоймон, пүнтүүз, төмс зэргийг аль болох идүүлэхгүй байвал сайн байна. Эдгээр нь нарийн гэдэсний хананд очиж цавуулагдаж өөх тос, судасны хананд их хэмжээний бохирдол үүсгэдэг. Нарийссан судсан дээр цусны урсгал удааширч, зүрхний ачаалал ихэсдэг. Ингээд ирэхээр хүүхэд амьсгаадаж эхэлдэг юм. Зөв бүтэцтэй хоол идвэл нарийн гэдэснээс цусанд шимэгдэн тэжээллэг бодисоо сайн авбал хүүхэд өвчлөхгүй. Гаднаас орж байгаа амин дэм, уураг тос хангалтгүй болохоор л эд эс өвчилж байгаа юм. Уургийн бүтцийг засаж байдаг хүнсний бүтээгдэхүүн бол шош, вандуй, дүпү, сүү, бяслаг, тараг зэрэг байдаг. Ислэг ихтэй хоол идэж, ус сайн ууж хөдөлгөөнтэй байвал хүүхэд, том хүн аль нь ч өвчлөхгүй.

-Ханиад, томууны энэ үед 0-5 насны хүүхэд дархлаа сайжруулах витамин хэрэглэх шаардлагатай юу?
-Өвөл, намар аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж чадвал заавал витамин хэрэглэх хэрэггүй. Хаврын улиралд хүний биеийн витамины задрал нэмэгддэг. Энэ үед дархлаа сайжруулах витамин хэрэглэх нь тохиромжтой. Ханиаднаас урьдчилан сэргийлэх үед витамин С уух нь үр дүнтэй байдаг. Бид аль болох антибиотикоос татгалзаж, эмчилгээг түлхүү хэрэглэхийг зорьж байгаа. Өвлийн улиралд хүний дархлаа сулардаг. Тиймээс амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, аарц, чацаргана буцалган ууж, адууны махтай сармистай шөл идэх хэрэгтэй.

-Хүмүүсийн дунд эм ууж, эмчилгээ хийлгэсэн ч ханиад нь эдгэрэхгүй удаан байна гэсэн яриа их байна?
-Эмчилгээ хийлгээд эдгэрэхгүй тохиолдол гэж бараг л байхгүй. Тухайн хүний биеийн дархлаанаас их шалтгаалдаг. Ханиадны вирус тодорхой хугацаанд солигдож байдаг. Өнгөрөгч саруудад ханиад хүрсэн хүүхдүүд хөнгөн хэлбэрээр тусч байсан. Эмнэлэгт үзүүлээд эмчээс зөвлөгөө авч гэрийн нөхцөлд эмээр эмчлэхэд эдгэрч байсан. Харин одоо илэрч байгаа ханиадны вирус хүүхдүүдэд хүндээр нөлөөлж байна. Эм уугаад ч эдгэхгүй. Тариа болон хэвтрийн дэглэм, асаргаа их шаардагдаж байгаа. Эцэг эхчүүд биднээс зөвлөгөө авч гэрийн нөхцөлд хүүхдэдээ эмчилгээ хийнэ гэж авч явчихаад удалгүй хүндрүүлээд буцаад ирдэг. Эмийг нь цаг хугацаанд өгөхгүй. Цэцэрлэгийн багшид нь даатгаад хаячихдаг. Эцэг эхийн анхаарал халамж муутайгаас хүүхэд ханиад томуугийн вируст өртөх хүндээр өвчилж байна.

-Эцэг, эхчүүд хүүхдээ 37 хэм хүрч халуураад байна гэдэг. Хүүхэд 37-оос дээш хэмтэй халуурах нь хэвийн үзэгдэл үү?

-Эцэг, эх хүүхдээ хамрын ханиад хүрэх эсвэл бага зэрэг халуурахад эмчид ханддаг. Хүүхэд 37.5 хүртэл халуурах нь энгийн үзэгдэл. 0-28 хоногтой нярай эмзэг байдаг учир заавал эмчид хандах хэрэгтэй. Эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсрол муутайгаасаа болоод эмийг эмчийн зааваргүй өгдөг. Тухайлбал, нэг хүртэлх насны хүүхдэд цэр ховхлох эм өгөхийг хориглодог. Гэтэл энэ эмийг өгснөөс хүүхдийн уушги үрэвсэлтэй болдог.

-Хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд анхан шатны эмчилгээ хэрхэн үзүүлэх вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдээ халуурахад дур мэдэн эм өгч, зузаан хувцаслаж, хөлөргөдөг. Энэ бол буруу. Харин хүйтэн бүлээн усанд дүрсэн алчуураар хүүхдийн бие, суга, цавь зэргийг сайн үрж арчих хэрэгтэй. Хүүхдийн халуун 38.5 байхад дээрх аргыг хэрэглэж болно. Түүнээс их халуурсан үед нас болон жинд нь таарсан хэмжээгээр парацетамолыг уулгаарай. Нярай хүүхдэд шулуун гэдсээр нь лаа хийх болон халуун буулгах наалт хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг.

-Халуун буулгахад хүмүүс шууд л парацетамол хэрэглэнэ гэж ойлгодог. Өөр антибиотек хэрэглэж болох уу?
-Их халуурч байгаа тохиолдолд зааврын дагуу парацетамолыг хэрэглэх нь зүйтэй. Хүүхдэд өгөхийг хориглосон эмийн жагсaалтад аспирин орсон. Харамсалтай нь эцэг, эхчүүд мэдээлэл муугаас аспириныг их тунгаар өгдөг. Мөн эмчид үзүүлэлгүйгээр хоорондоо утсаар ярьж дур мэдэн янз бүрийн эмийг өгч байна. Үүнээс болж эмэнд хордсон хүүхэд яаралтай тусламжид их ирдэг. Эцэст нь хэлэхэд эмнэлэгт үзүүлэхгүй өөрсдөө дур мэдэн эм, тариа хэрэглэхээ болих хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.

-Хүмүүс утаа болон хүйтнээс шалтгаалан ханиад хүрээд байгаа гэсэн ойлголттой байдаг. Агаарын бохирдол ханиадны эдгэрэлтэд нөлөөлж байна уу?
-Манай улсад утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Өглөө эрт утаа угаар их байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө амны хаалт, маск хэрэглэдэггүйгээс хамрын хөндийн салт гэмтдэг. Нэг үгээр хэлэхэд утаа, угаараас үүдэлтэй ханиад, харшил зонхилж байна. Хөнгөн хэлбэрээр ханиад туссан ч угаар, утаанаас болж амархан хүндэрдэг. Тиймээс бид тохирох эмчилгээг санал болгодог.Хүүхэд утаатай, тоос, тортогтой агаараар амьсгалснаас уушги нь бронхиттой болдог. Утаатай агаараар амьсгалснаас хүмүүсийн уушгины тоосжилт /силикоз/ тусдаг. Агаарын бохирдол хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүст их нөлөөлж байгаа. Тиймээс иргэд өвлийн цагт амны хаалт хэрэглээд ч юм уу өөрийгөө тодорхой хэмжээгээр утаанаас хамгаалах зайлшгүй шаардлагатай.

С.ИЧИНХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • lhagva (203.194.114.131)

    2014-01-16

    ach surguuliig tugssun huuhed uu