“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хэсгийг аймгийн Засаг дарга ахална
- 2014-01-28
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн сайд энэ оны анхны тушаалаараа 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Дорнод аймагт “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээ 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, жилийн ажлын хүрээнд аймгийн хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, эх нярайн эндэгдэл болоод өвчлөлийг бууруулахад хэрхэн анхаарч ажиллах талаар хэлэлцлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, НХХ-ийн дарга, сумдын Засаг дарга нар, сумдын ИТХ-ын дарга нар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнүүд, зарим төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Уг арга хэмжээг аймгийн Засаг дарга С.Ганбат нээж, хэлсэн үгэндээ, “Аливаа улс орны тогтвортой хөгжлийн үндэс нь хүн амын эрүүл мэнд байдаг. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал нь эрүүл мэндийн салбарын чиг үүргийн асуудал байдаг хэдий ч байгаль орчин, уул уурхай, дэд бүтэц, эдийн засаг, боловсрол, захиргааны байгууллага зэрэг олон салбарын оролцоотой хэрэгжиж нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага” хэмээн цохон тэмдэглэв.

Мөн сумдын Засаг дарга нарын хувьд өөрийн нөөцийн сангаас тодорхой хөрөнгийг эрүүл мэндийг дэмжих чиглэлээр төсөвлөж, хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, зайлсхийж болох нас баралтаас сэргийлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах нь зүйтэй гэв. Үүний дараа аймгийн ЭМГ-ын дарга Д.Должин эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд, эрүүл мэндийн салбарын 2013 оны томоохон үйл ажилллагаанууд болоод “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хийх ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тус арга хэмжээний үеэр эрүүл мэндийг дэмжих чиглэлээр санаачлагатай ажилласан байгууллагуудад “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын орон нутгийн гэрчилгээг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга С.Ганбат ахлан ажиллахаар болж, 32 заалт бүхий төлөвлөгөө гарган, шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөцийн сангаас шийдвэрлэхээр болсон нь энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж эмч, мэргэжилтнүүд талархан хүлээн авлаа.

Сэтгэгдэл (0)