Н1N1-ээр өвчлөгсдийн гурав нь эмнэлгээс гарчээ
- 2014-02-04
- Эрүүл мэнд
- 0
Баян-Өлгийн аймгийн Өлгий
сумын харьяат есөн иргэнд өнгөрсөн
сарын 24-ний өдөр Н1N1 вурисийн
халдварт өвчний сэжиг бүхий шинж
тэмдэг илэрсэн талаар бид өмнө
нь мэдээлсэн. Дээрх өвчтөнүүдээс
дээж авч Халдварт өвчин судлалын
үндэсний төвийн лабораторид
шинжлүүлэхэд өнгөрсөн сарын 27-
ны өдрийн хариугаар А /34 настай,
эмэгтэй/, А /31 настай, эмэгтэй/ , Г /5
сартай, эмэгтэй/, И /4 сартай, эмэгтэй/
нар томуугийн A хүрээний H1N1
вирусийн халдвар авсан болохыг
тогтоосон. Халдвар авсан дөрвөн
өвчтөн өнгөрсөн хугацаанд аймгийн
Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байсан. Тэгвэл өчигдөр А /31 настай,
эмэгтэй/ , Г /таван сартай/, И /дөрвөн
сартай/ нар эдгэрч эмнэлгээс гарсан
байна. Энэ талаар тус аймгийн
Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд
хурандаа М.Энхжаргалтай холбогдож
лавлахад “Вирусээр халдварласан
өвчтөнүүдийн биеийн байдал
сайжирч байна. Гурав нь эмнэлгээс
гарсан. Нэмж халдварласан хүн
байхгүй байна. Долоо хоногийн
хугацаанд олон нийтийг хамарсан
хурал, цуглаан хийхгүй байх хориг
тавьсан. Өнөөдрөөс хориг тавигдах
байх. Өвчтөнүүд юунаас халдвар
авч өвчилснийг одоогоор хэлэх
боломжгүй” гэсэн юм. H1N1 вирусийн
халдвар илэрсэнтэй холбогдуулан
аймгийн шуурхай хуралдаж, аймгийн
хэмжээнд сургууль, цэцэрлэг болон
олон нийтийг хамарсан үйл ажиллагаа
явуулахыг долоо хоногийн хугацаатай
хориод байсан юм. Энэ жил улсын
хэмжээнд томуу, томуу төст өвчний
өвчлөл их, амбулаторийн үзлэгийн 12
хувийг эзэлж байгаа. Үүнээс томуугийн
А хүрээний Н3N2, В вирусууд хүн
амын дунд зонхилж буй аж. Түүнчлэн
өнгөрсөн оны гуравдугаар сард
БНХАУ-д бүртгэгдсэн томуугийн А
хүрээний Н7N9 вируст халдварын
хүний өвчлөл энэ оны нэгдүгээр
сарын 28-ны байдлаар 241-д хүрч
53 иргэн нас баржээ. Уг халдвар нь
БНХАУ-ын Бээжин, өмнөд хэсгийн
Шанхай, Анхуй, Жангсу, Гуандун,
Фужиан, Жэжиан, Шэнжэн, Янжиан,
Фожан, Шижоу зэрэг хот, мужуудаас
гадна Тайвань, Гонконгт бүртгэгдээд
байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагаас гаргасан дүгнэлтээр
уг халдварыг ховор, нийгмийн
эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй гэж
үзсэн байна. Тиймээс Мэргэжлийн
хяналтын ерөнхий газраас харьяа
газар, алба, хэлтсийн дарга нарт
хяналт шалгалтыг ирэх өдрүүдэд
өндөрсгөх үүрэг өгсний зэрэгцээ сар
шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн
байдалд ажиллажээ. Өчигдрөөс хил,
гааль нээгдэж байгаа учир Хилийн
мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүд
олон улсын эрүүл мэндийн дүрэмд
заасны дагуу хилийн боомтоор
нэвтэрч буй зорчигчдын халууныг
хэмжих, сэжигтэй тохиолдол
илэрвэл тэдгээрээс дэлгэрэнгүй
судалгаа авах, хилээр нэвтэрч буй
тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд
бүрэн хамруулж, ариутгал,
халдваргүйтгэлийн бодисын нөөц,
тусгаарлах өрөөний бэлэн байдлыг
хангаж ажиллах, импортоор орж буй
шувуу, тэдгээрийн гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүнд тавих хүнсний
аюулгүй байдлын хяналтыг чангатгах,
бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн
байгууллагууд, аймаг, нийслэлийн
эрүүл мэндийн газар бэлэн байдлыг
хангаж ажиллах,хилийн боомтоор
зорчигчдод шинэ халдварт өвчний
талаар бодитой мэдээлэл, зөвлөмж
сэрэмжлүүлэг өгөх зэрэг үүргийг өгчээ.
Хүн амын дунд томуугийн
вирусийн тархалт их байгаа учир
МХЕГ-аас ажлын хэсэг томилж,
холбогдох байгууллагуудад үүрэг
өгсөн байна. Энэ талаар ХӨСҮТ-
ийн хэвлэлийн албаны дарга
Ч.Уртнасангаас дараах асуултад
хариулт авснаа хүргэе.
-БНХАУ-д шувууны томуу өвчний вирусийн дэгдэлт их байна. Манай улсад орж ирэхээс хэрхэн сэргийлж байна вэ?
-Урд хөршид гарсан шувууны томуугийн вирус манай улсад орж ирээгүй. Гэхдээ хил залгаа байдаг учраас анхааралтай байхад илүүдэхгүй. Хамгийн гол нь хилээр нэвтэрч байгаа зорчигчдын биеийн халууныг үзэх, ачаа, тээврийн хэрэгслийг ариутгах, халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж байгаа шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Иргэд ч өөрсдийн эрүүл мэндэд анхаарч хувийн ариун цэврийг сахих нь зүйтэй.
-Сэжигтэй тохиолдол илэрвэл хаана хандах ёстой вэ?
-Энэ тохиолдолд иргэд манай төвийн 455388, МХЕГ-ын 264786, 263150 дугаартай утсанд хандах хэрэгтэй. Мөн гаднын улс оронд зорчихдоо шувууны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй гэдгийг сануулъя.
-Баян-Өлгийн аймагт H1N1-ийн халдвараар дөрвөн хүн өвчилсөн. Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Дөрвөн хүн шувууны томуугаар өвчилсөн онош батлагдсан. Өвчтөнүүдийн биеийн байдал хүндрээгүй. Хоёр хүүхэд, нэг том хүн нь эмнэлгээс гарсан гэсэн. Аймгийн хэмжээнд цаг алдалгүй арга хэмжээ авсны дүнд нэмж өвчилсөн хүн байхгүй. Юунаас болж дээрх иргэд өвчилснийг хэлэх боломжгүй.
С.ДУЛАМСҮРЭН

Сэтгэгдэл (0)