Шинэчлэх нэрээр хүрсэн амжилтаа нураах ёстой юу?

Дэлхийн хэмжээнд аливаа үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд эрүүл ажилтантай байх зорилтыг тавьж ажилладаг билээ. “Эрүүл ажилтан эрүүл эдийн засгийн үндэс” ч гэсэн ойлголт байдаг. 

Эрүүл мэнд гэдэг ойлголтод зөвхөн өвчин эмгэггүй байхыг хэлнэ гэж 1970, 80, 90-ээд оны төгсгөл хүртэл ойлгож байсан бол орчин үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор Эрүүл мэнд гэдэг ойлголтод өвчин эмгэггүй байхаас гадна бие бялдар, оюун санаа, нийгэм сайн сайхны бүхний сэтгэхүйн цогц ойлголт юм.

Сүүлийн үед хүний эрүүл мэндийн асуудлыг зөвхөн эрүүл мэндийн байгууллагад даатгаад өөрөөр хэлбэл, өвчин хүндэрсэн бол “Эмч та л хяна” гэсэн зарчмыг барьж ирснээр гарсан ахиц үр дүн харагдахгүй байгааг үйлчлүүлэгч бүр мэддэг. Тэгсэн хэрнээ хувь хүний буруугаас гарсан эрсдлийг хариуцлага тооцох болохоор эмнэлгийн байгууллага руу чихдэг буруу үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжсээр байгаа бодит жишээ захаас аваад бий.

Хэвлэл мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны станцад хүн нас барсаныг нуусан гэх утгатай, хачирласан, толгой холбон чимж бичсэн нийтлэлийг уншсан албан тушаалтнууд шалтгааныг тодруулах гэж дотоод хяналтыг явуулсан байдаг. Гэхдээ ямар хариу гарсан нь олон нийтэд ил болоогүй юм. Энэ нь зүрх, судасны эмгэг өвчтэй ажилтан тухайн цаг хугацаанд нарядны бус хувийн хандлагаар багшдаа туслах гэсэн сэтгэл догдлол, хөдлөлөөр богино хугацаанд хэт их биеийн хүчний ажил, ачаалал өгснөөс болж гарсан эрсдэл байв. Үүнийг Эмнэлэг, сувиллын албаны цехийн эмчийн хяналт муу хэмээн холбон тайлбарлаж,  цехүүд дээр нь эмч нарыг авчран ажиллагсдыг тогтмол хянаж ажиллуулна гэж хэлж болох уу?

Хувь хүний зан үйл, гэр бүлийн орчин зэрэг өөр олон шалтгаант хүчин зүйл бие махбод, ажиллах бүтээмжид нөлөөлдөг билээ. Ажилтан архи уусны өглөө үзлэгээр эмч, эмнэлгийн ажилтнууд сорил тавьж нотолгоо болгон баримтжуулж, ажлаас тарах үед нь дахин сорил хийж баталгаажуулна гэнэ. Тэгэхээр ажилтанд наряд өгч гаргаж байгаа мастер, хэсгийн дарга, мониторингийн инженер гэх хүмүүс юу хийх болж байна вэ? Үйлдвэрийн эрүүл мэндийн байгууллага нь осол, гэмтэл гарсан үед цаг алдалгүй тусламж үзүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн сэргийлэх үйл ажиллагааг явуулах биш бил үү? Гэтэл дээрхи шийдвэр нь “Уугаад ирэхийг  нь та илрүүл. Бид нотолгоон дээр нь арга хэмжээ аваад өгье” гэж ойлгогдохоор байна. Ингэж ажиллавал нөгөө ажлын байрны стрессийг багасгах нь битгий хэл улам бүр уур бухимдал үүсэх, өвчлөл ихсэх нэг шалтгаан болох юм биш үү?

Эмнэлэг, сувиллын албаны одоогийн удирдлага байгууллагаа дан ганц сувилал чиглэлээр хөгжүүлье, цехийн эмчийн тоог нэмье гэсэн утгатай “2014 оны бизнес төлөвлөгөө” гэгчийг гаргасан, батлуулах гээд байж байгааг ойлгохгүй байна. Энэ хүнд хамт олны санал, мэргэшсэн эмч нарын зөвлөмж хамаагүй бололтой юм.

Түүхээ эргэн сөхье. Эмнэлэг, сувиллын алба 35 жилийн түүхтэй. Тэртээ он жилүүдээс энэ албыг чин сэтгэлээсээ хийж ирсэн үе үеийн ахмадууд гэрч болох байх. Түргэн тусламжийн хэсэг үйлдвэр дээр 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж, сувилал маань нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ явуулж, 120 орноос 50 ор нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдэж, үйлдвэрийн ажиллагсад төдийгүй Орхон аймгийн нийт хүн амд хүрч үйлчилдэг байлаа. Мөн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг эмчлэх 31 ортой клиник болон өргөжиж, эмчилгээний хоол, чанартай үйлчилгээг эрхэмлэсээр ирсэн билээ. 

Улмаар ажиллагсдын эрүүл мэндийг тасралтгүй хамгаалах хэрэгцээ шаардлага нэмэгдэж, нарийн мэргэжлийн мэргэшсэн баг хамт олон, багаар ажиллах чадвар боловсрол төлөвшлийг бий болгон Оношлогоо, эмчилгээний тасгийг үүсгэн байгуулсан. Одоо эмнэлгийн 35 ажилтан багаар ажиллан дотор, мэргэжлээс шалтгаалах өвчин, дотоод шүүрлийн, зүрх судас, хүүхэд, мэдрэл, арьс-хордлого, мэс засал-гэмтэл, нүд, чих-хамар хоолойн, эмэгтэйчүүд, шүд, сэтгэл заслын нарийн мэргэжлийн эмчийн кабинетууд, физик эмчилгээ, уламжлалт эмчилгээний кабинетаар тусламж үйлчилгээ үзүүлж, рентген, компютер томографи ба дурангийн /аппарат актлагдсан/, орчин үеийн өндөр технологийн аппарат тоног төхөөрөмжөөр үзлэг явуулж байна. Үүнд: флюр, ЭХО/ хэвлийн хөндийн, зүрхний, эмэгтэйчүүд/-той, нүдний оношлогооны нарийн багаж төхөөрөмжүүд, судасны дофлерографи, хамрын хөндий чинхий сувгыг оношлох компьютер, сонсголыг шалгах аппарат болон  лабораторийн багаж уусмалаар хангагдсан цогц үйлчилгээг бий болгож мэргэжилтэй боловсон хүчнийг үйлдвэрийн зардлаар сурган мэргэшүүлэн улмаар Уул уурхайн үйлдвэрийн ажиллагсдын өвчлөл, хөдөлмөрийн нөхцлийг судлан, эрдмийн судалгаа бүтээлтэй болон арга аргачлалыг боловсруулан оюуны өмчөө авсан хамт олон билээ.
 
Нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж зөвлөмж өгч, шаардлагатай ажилчдыг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд явуулах, зөвлөх поликлиникт илгээж зөвлөгөө авах, эмч нарын зөвөлгөөн хийн ердийн өвчнөөр группт гаргах саналыг тусган зөвлөх поликлиникт илгээн шийдвэрлүүлэх, мэргэжлээс шалтгаалсан эмгэг өөрчлөлтийг тодруулахаар хөдөлмөр эрүүл мэнд судлалын үндэсний төвд илгээн хөнгөн ажилд шилжүүлэх шийдвэр гаргуулан, ХЧА-ын групп тогтоолгуулан хяналтыг хийн орон нутагтаа группыг сунгуулах ажлыг зохион байгуулан ажилладаг өдийгүй ЭМШУИС-ийн НЭМС-ийн төгсөх курсын оюутнууд мэргэжлийн чиг хандлагыг олгоход жишиг газар болдог.
Бидний ажлын 60% нь үйлдвэр хүндээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ба үлдсэн хувь нь амбулаториор ирсэн ажиллагсадад үзлэг хийн зөвлөмж өгч, амбулаториор эмийн болон эмийн бус физик эмчилгээ, уламжлалт эмчилгээ хийн магадлагаа олгон, түүнчлэн шинээр орж байгаа ажиллагсад, үйлдвэрийн ажилчдад хугацаат урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн өөрсдийн хүсэлтийг харгалзан ажиллагсдын ар гэрт тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Хамт олон, баг бүрэлдэж 35 жилийн хугацаанд энэ амжилтад хүрэхийн тулд бэрхшээл бүхнийг даван туулж ийм сайхан үйл ажиллагаатай байгууллага болтлоо хөгжиж ирсэн. Одоо тус албыг удирдан авч яваа шинэ удирдлага сайныг хөгжүүлээд авч явахын оронд хагарган бутаргаж, шинэчлэлт өөрчлөлт хийх нэрээр Оношлогоо, эмчилгээний тасгийг бутаргах санаа өвөртөлж байгаад гайхаж байна. Манай хамт олны ажил үйлчилгээг Эрдэнэт хотын иргэд ч мэднэ. 

Гэтэл хэсэг хүмүүс өөрсдийгөө Сувиллын шинэ үеийн шинэчлэлийн удирдлагын баг хэмээн өргөмжилж, ерөнхий эмч болох Ж. Ганчимэг нь өөрөө А/02 тоот тушаал гарган Сувиллын шинэ үеийн шинэчлэлийн удирдлагын багийг баталгаажуулан түүндээ статистик эмч, амбулаторийн удирдлагыг хасан тэдгээр хүмүүс “2014 оны бизнес төлөвлөгөө” гэгчийг хийн дээд удирдлагаар гарын үсэг зуруулаад хэрэгжүүлнэ гээд гүйж яваад харамсаж байна. 

Судлаачийн зүгээс үзэхэд, орчин үед шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшилтэй холбоотой хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж хэрэгжүүлэх байдал, үйлдвэрийн орчны нөхцөл зэрэг мэргэжлийн өвчлөлд нөлөөлөх сөрөг нөлөөлөл харьцангуй багасч, мэргэжлийн өвчний түвшин буурч, мэргэжлийн өвчний бүтэц өөрчлөгдөн, өвчний явц хөнгөн, хүндрэл багатай болж байгаа төдийгүй мэргэжлийн өвчинг хүртэх хугацаа уртсаж байна. Орчин үеийн үйлдвэрлэлийн гол шаардлага нь бага хугацаанд их зүйлийг нэлээд эрчимтэй хийхийн тулд эрүүл ажилчинтай байх шаардлага ч тулгарч эхлэв. 

Мэргэжлээс шалтгаалах өвчний бүтцийг шалтгаанаар нь судалсан судалгаанаас үзвэл тоослогийн шалтгаант өвчлөл, биеийн хүчний хэт ачааллаас үүсэх өвчин, физикийн хүчин зүйлээс үүсэх өвчин, химийн бодисын хордлогууд ихэнхи хувийг эзэлж байна. 

Ажилчдын өвчлөлийн зонхилох хувийг осол, гэмтэл тэр дундаа ахуйн осол гэмтэл, зүрх судас, хоол боловсруулах болоод амьсгалын замын, тулгуур эрхтэний эмгэгүүд эзэлж байна. Дэлхийн улс, орнууд ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих хамгийн үр дүнтэй арга бол “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийг үйлдвэр дээрээ санаачлан хэрэгжүүлэх явдал гэж үздэг байна. Хамт олон болон ажилчдынхаа эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангасан ажлын байрыг эрүүл ажлын байр гэдэг билээ. Цаашид хувь хүний амьсгалын замаас тоослогийг хэмжих багаж, доргионы өвчний эрт илрүүлэх вибратометрээр цехийн эмч нарыг хангах, мөн өвчлөлийг бууруулахын тулд ЭСА-ны ОЭТ-т ӨДРИЙН СТАЦИОНАРЫГ ажиллуулах нь өвчнийг богино хугацаанд үр дүнтэй эмчлэн эрүүлжүүлэх, өвчлөлийг бууруулах, акт авах хоногийг багасгахад дөхөм болох сайн талтай юм. 

Бид шинэчлэлт, өөрчлөлт хийхийг үгүйсгээгүй бөгөөд хамгийн гол нь хийсэн бүтээснийхээ сайныг нь авч цааш хөгжүүлэн баяжуулж урагшлах ёстой билээ.

”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мэргэжлийн эмгэг судлаач эмч, Анагаах ухааны доктор, 
Клиникийн профессор Ж.ЖАВЗМАА. 

Эх сурвалж: “Шинэ мэдээ” сонин 2014.02.11-ний дугаар     Эх сурвалж www.wikimon.mn  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.23.51.5)

    2014-02-14

    ЗӨВ ШҮҮ