Халдвар хамгааллын технологийн өөрчлөлт семинар боллоо
- 2014-03-17
- Эрүүл мэнд
- 0
Монголын Халдваргүйжүүлэлтийн Нийгэмлэг
байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан “Халдвар хамгааллын технологийн
өөрчлөлт, шинэчлэл” дугуй ширээний ярилцлага, семинар боллоо.Монголын халдваргүйжүүлэлтийн Нийгэмлэг ТББ (МХН) 1997 онд УБ хотод үүсгэн байгуулагдсанаас хойш даруй 16 жил өнгөрсөн байна. Энэ нийгэмлэгийг үүсгэн байгуулж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн үе үеийн эрүүл ахуйч, тархвар судлаач, эмч, химич, биологич, мэргэжилтнүүд, нийгмийн эрүүл мэндийн төлөө, хоёргүй сэтгэл, зүтгэл, хүчин чармайлтын ачаар төрийн бодлогод нийцсэн арга хэмжээ, ололт, амжилт гаргаж, ахмад үеийнхнийхээ сайхан уламжлалыг үргэлжлүүлэн нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага болж төлөвшжээ. МХН нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй халдваргүйтгэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эмнэлгээс шалтгаалах халдварыг бууруулах, хүний нөөцийг чадавхижуулах, иргэдийн халдвар хамгааллын мэдлэг, хандлагыг өөрчлөх эрхэм зорилготой. Энэ байгууллагын өнгөрсөн 16 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн амжилт бүтээл, өргөн хүрээг хамарсан үр бүтээлтэй ажлууд арвин их.
Өнгөрсөн баасан гаригт болсон тус семинарт МХН-ийн хүндэт тэргүүн Ш.Үдэнбор, МХН-ийн гүйцэтгэх захирал, ШУҮ-ийн Монхимо ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа, ХӨСҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зөвлөх, АУ-ны доктор Э.Пүрэвдаваа, ЭМЯ-ны орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэг, ЭМЯ, Эмнэлгээс шалтгаалах халдварын ерөнхий мэргэжилтэн ЭМШУИС-ийн багш АУ-ны доктор Т.Хосбаяр болон МХЕГ, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төв, ХӨСҮТ-ийн мэргэжлийн зөвлөл, МУИС, Микробиологийн тэнхим, Монголын эрүүл ахуйч, тархвар судлаачдын нэгдсэн холбоо, Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбооны удирдлагууд, доктор, профессорууд хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон юм.
АУ-ны
доктор Э.Пүрэвдаваа “Шинээр гарч байгаа буюу сэргэж буй халдварт
өвчин”, “Биологийн болзошгүй аюул” сэдвүүдээр илтгэл тавьсан юм. Тэрээр
Монгол улсад хуучин устсан халдварууд хэрхэн дахин сэргэж байгаа
хийгээд шинэ төрлийн халдварт өвчнүүдийн талаар ярьлаа.
Шинэ халдвар тархахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь
- Олон улсын аялал жуулчлал гадаад худалдаа
- Хүн амын хөдөлгөөн, зан үйл
- Хүний мэдрэг өвчлөмтгий байдал
- Цаг уурын өөрчлөлт
- Эко-системийн өөрчлөлт
- Ядуурал, нийгмийн тэгш бус байдал
- Дайн өлсгөлөн
- Бодлогын хувьд хүсэл эрмэлзэлгүй байх,
- Санаатайгаар хор учруулах зэрэг юм.
Шинэ халдварт өвчнөөс сэргийлэх гол 4 зорилт
- Тандалт хийх, хариу арга хэмжээ авах
- Хавсарга судалгаа хийх
- Дэд бүтэц, сургалт,
- Урьдчилан сэргийлэх, хянах гэв.
Тэрээр шинэ халдварт өвчин гэж сүүлийн
20 жилд оношлогдсон бөгөөд тасралтгүй гарсаар байгаа өвчнийг, Сэргэж
байгаа халдварт өвчин гэж хуучин устаж байна гэж үзэж байсан өвчнүүд
дахин гарч эхлэхийг хэлнэ хэмээн тодорхойлсон юм.
Мөн Монхимо ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа “Халдвар хамгааллын орчин
үеийн технологийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, “Төрийн болон
төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо” сэдвээр чөлөөт
ярилцлага өрнүүлж хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид санал бодлоо
чөлөөтэй солилцсоноор уулзалт семинар өндөрлөсөн юм.
Т.Далай

Сэтгэгдэл (0)