Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ээлжит цахим хурал болов



“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 12 дахь удаагийн цахим хурал 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.

2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ЭХЭМҮТөв өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийт аймаг, нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик, мэдээг гаргаж байгаа. Он гарснаар улсын хэмжээнд эхийн ноцтой хүндрэлийн 75 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт эхийн амь насыг аварч, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн байна. Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлэхдээ, өнөөдрийн байдлаар эхийн эндэгдлийн индекс буурах нааштай үзүүлэлт харагдаж байна. Цаашид энэ чанар, үзүүлэлтээ хадгалахад нийт эрүүл мэндийн байгууллагуудын үүрэг, оролцоо чухал юм гэлээ.



Мөн цахим хурлын үеэр бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл буурахгүй байгаа, хүүхдийн осол гэмтэлд онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг дурдаж байв. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Болормаа, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртүүлэхээс сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн мэдээлэл, сургалтыг зохион байгуулж, тэдний анхаарал, болгоомжийг нэмэгдүүлэхэд тусалж, дэмжиж ажиллахыг цахим хуралд оролцсон эмч, мэргэжилтнүүдэд сануулсан юм.

Дорнод аймгийн эрүүл мэндийн газраас гуравдугаар сарын 13-ны өдөр 2.400гр, 2.300гр, 1.800гр гурван ихэр хүү төрсөн тухай мэдээллийг өгөв. Түүнчлэн эх, хүүхдийн бие сайн байгааг дуулгалаа.

 2014 оныг эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбогдуулан “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэх Дэлхийн цусны донорын өдрийг угтан гурван сарын аянг ЦССҮТ-өөс зохион байгуулж, ЭМЯ-наас аянаа эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан сайн дураар цусаа хандивлаж, авлагагүй донор болох, цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх сайн үйлсэд идэвхитэй оролцохыг цахим хуралд оролцогч нийт эмч, эрүүл мэндийн салбарын ажилчиддаа уриалав.

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хийсэн зарим ажлуудаас:

Япон улсын элчин сайдын яамнаас нийслэлийн амаржих газруудад багаж, тоног төхөөрөмж нийлүүлэхээр судалгаа хийгдлээ.

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг, БОЭТ, амаржих газруудын камержуулалтын байдал, мэргэжлийн сэтгүүл захиалалтын байдлын судалгааг авлаа.

Дэлхийн эх баригчдын өдөр 5-р сарын 5-нд болох бөгөөд энэ өдрийг угтан зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангаж байна. Орон нутаг бүр эх баригчдын өдрийг угтан төлөвлөгөө гарган, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилтэй уялдуулан шинэлэг ажлыг зохион байгуулахыг зөвлөв.

Эрүүл мэндийн сайдын Олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэх тухай 2014 оны 47 дугаар тушаалын дагуу “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг 4-р сарын 15-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Сонгинохайрхан, Хан–Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сувилахуйн албанаас сувилагчийн мэргэжлийг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)