Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад албан даалгавар өглөө



“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ес дэх удаагийн ээлжит цахим хурал өнөөдөр /2014.03.14/ Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.

Уламжлал ёсоор хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хийгдэж буй зарим ажлын талаар болон эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтийн товч мэдээллийг хийлээ.

 2014 оны 03 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд улсын хэмжээнд нийт 1737 эх амаржиж, 1749 хүүхэд мэндэлжээ.

 Харин “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эх, хүүхдэд ээлтэй эмнэлэг шалгаруулах журам батлах тухай”, “Нэрэмжит үзлэг зохион байгуулах тухай” тушаалуудыг ирэх долоо хоногт гаргахаар ажиллаж байна. Мөн “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх” зэрэг хоёр ч стратеги эцэслэгдэж байгааг салбарын сайд танилцууллаа. Үүний зэрэгцээ улсын хэмжээнд осол, гэмтлийн онцгой 50 гаруй цэгийг тодорхойлсон бөгөөд цаашид эдгээр цэгүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын боловсон хүчин, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн тоноглогдсон автомашин зэрэг шаардлагатай зүйлсээр хангах ажээ. 



Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас орон нутагтаа удирдах ажилтны зөвлөгөөн болон “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг зохион байгуулж, иргэдэд эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн асаргаа сувилгаа, охидын жирэмслэлтийн талаар мэдээлэл өгч байгаа үйл ажиллагааг сайшаан тэмдэглэлээ.

 Ирэх долоо хоногт Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Оюутны эрүүл мэндийг дэмжих асуудлаар зөвшилцөх уулзалт”-ыг хийхээр бэлтгэл ажлыг хийж байгааг Эрүүл мэндийн сайд дуулгасан. 



Мөн Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн клиник сувилалын удирдлагуудад албан даалгавар хүргүүлж буйгаа танилцууллаа. “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр төрөлт нэмэгдэж, нялхсын нас баралт буурсан амжилттай боловч, эхийн нас баралт, гэрийн төрөлт, гэрийн нас баралт, амьгүй төрөлт тууштай буурахгүй байгааг онцгой анхаарч, жирэмсэн эхчүүдийн хяналт, үзлэгийг сайжруулах, зөвлөгөө, сургалт мэдээллийг түгээх тал дээр ахиц гаргах, Жирэмсний үед эх, урагт тохиолдож болзошгүй аюултай шинжийг эрт илрүүлэх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчнүүдийн оношилгоо, эмчилгээ, эрэмблэн ангилалт, яаралтай тусламжийн чиглэлээр өрх, сум, багийн эмч, эх баригч, эх барих-эмэгтэйчүүд, нярайн эмч нарт зориулсан богино хугацааны сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эхлэх, Удаан хугацааны асаргаа шаардлагатай хөнгөвчлөх эмчилгээтэй байдаг хүүхдийг гэрийн нөхцөлд асрах, сувилах зааврыг боловсруулж, батлуулах зэрэг хэд хэдэн үүргийг хэрэгжүүлэхийг даалгалаа.

 Үүний дараагаар “Өсвөр үеийнхэн, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Г.Соёлгэрэл мэдээлэл өглөө.

 10-19 насныхныг өсвөр үе гэж нэрлэдэг бол 15-24 насныхан залуучууд, 10-24 насныхныг залуу хүн гэдэг. Харьцангуй эрүүл бүлэг боловч насны онцлогоос хамаарч нөхөн үржихүйн эрүүл мэнд, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээл зэрэг олон тулгамдсан асуудлууд гарч ирж байна. Нийт хүн амын 40 орчим хувийг эзэлдэг өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг хомс байдгаас ихээхэн эрсдэл үүрэх аюул байдаг. Тодруулбал, хүн амын өвчлөлийн 60 орчим хувь нь өсвөр насанд эхэлдэг ажээ.

 Өсвөр нас бол хүний хөгжлийн хамгийн чухал үе байдаг учраас тэдний эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байдгийг Г.Соёлгэрэл мэргэжилтэн мэдээлэлдээ онцолж байсан юм. Нийгэм, эдийн засгийн огцом өөрчлөлт, хотжилт, техник, технологийн үсрэнгүй хөгжлөөс болж өсвөр насныхны дунд сэтгэцийн өвчлөл нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх нь ч ихэссэн байна. Өсвөр үеийнхний эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас дээрх шалтгаан голлох байрыг эзлэх болжээ.

 Иймээс өсвөр насны залуучуудад зорилусан ээлтэй, тэдний хэрэгцээг хангах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бий болгох шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр Дорноговь аймаг, Хан-уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан ээлстэй клиникийг /хэвтэн эмчлүүлэх оргүй/ нээхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)