Жижиг биетэй залуусаар хурдан морь унуулахыг шаардав
- 2014-05-28
- Эрүүл мэнд
- 0

“Энэрэл хайр хүүхдийн төлөө” ТББ-
ын зөвлөлийн гишүүд өчигдөр унаач
хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар
мэдээлэл хийлээ. Тэд хүүхдээр хурдан
морь унуулахыг зогсоож, харин бага жинтэй
насанд хүрсэн хүмүүсээр морь унуулах
шаардлагыг Төрийн гурван өндөрлөг
болон холбогдох албан тушаалтанд
хүргүүлсэн гэж мэдээлэв. Хурлын үеэр
“Энэрэл хайр хүүхдийн төлөө” ТББ-ын
удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндалай
“Хүүхдээр хурдан морь унуулж буй нь
Үндсэн хуулиар хамгаалагдсан хүүхдийн
эрх болон хүүхдийн эрхийг хамгаалсан
олон конвенцүүдийг зөрчиж байгаа юм.
Хурдан морины уралдаанаар ашиг хонжоо
олж, алдар гавьяа хүртэгсэд уламжлал
нэрийн дор хүүхдийг хайрлахгүй, хууль
тогтоомжийг биелүүлэхгүй байгаа. Энэ
үйлдлээ зогсоох хэрэгтэй. Тэд хэзээ
ч өөрийнхөө хүүхдээр хурдан морь
унуулдаггүй. Харин амьдралын боломж
тааруу айлын хүүхдүүдээр эрсдэлтэй,
хүнд хөдөлмөр хийлгэж байна.
Бид Монголын уламжлалт эрийн
гурван наадмын нэг болох хурдан морины
уралдааныг зогсооно гээгүй. Эх орны
ирээдүй болсон хүүхдээ хамгаалсан зөв
алхам хийхийн тулд өндөр хөгжилтэй
орнуудын жишгээр морийг жин багатай,
насанд хүрсэн залуучуудаар унуулъя.
Тэд мэргэжлийн морь унаачийн төвшинд
ажилладаг, мэргэшсэн байх хэрэгтэй” гэв.
2005 онд хурдан морь унаач хүүхдүүдийн
чуулган болж байсан аж. Энэхүү чуулганд
оролцсон 120 хүүхдээс судалгаа авахад
“50 хувь нь өвлийн уралдаанд оролцож
хөл, гараа хайруулж байсан. 30-40 хувь
нь ядардаг, айдаг” зэрэг хариултыг өгсөн
байдаг аж.
Б.Дэлгэр

Сэтгэгдэл (3)
(103.26.193.11)
Зөв шүү. Заавал секюрити хийх албагүй шүү дээ.
(202.179.20.193)
baabariig bol turaah shaardlaga ch baihgui sh tee
(202.72.245.122)
Элбэгдорж, Энхболд, Баабар гээд л хурдны морь унах том хүмүүс зөндөө зөндөө