Эрүүл мэндийн асуудлыг бүх салбарын бодлогод тусгах ёстойг онцлов

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас санаачлан Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбар дахь эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан.

Уг чуулга уулзалт дөрвөн салбар хуралдаантай болсон бөгөөд үүний нэг нь “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах Дэлхийн нийтийн зорилтыг хэрэгжүүлэх” сэдвийн хүрээнд гуравдугаар салбар хуралдаан Төрийн ордны “В” танхимд боллоо.

Хуралдааныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар даргалан явуулсан бөгөөд олон улсын хамтрагч байгууллагууд, Монгол улсад суугаа Элчин сайдууд, эрүүл мэндийн салбарыг сонирхогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 40 гаруй төлөөлөгч оролцсон юм.
alt

Салбар хуралдааны зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны тусламж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүд, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах боломжийн талаар хуралдаанд оролцогсодтой хэлэлцэж, зөвлөмж гаргахад чиглэгдэж байлаа.

Энэхүү салбар хуралдаанд Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг гаргаж тавьсан дараах илтгэл, төслүүд танилцуулагдсан.Тодруулбал,

 - “Эрүүл мэндийн салбарын улсын санхүүжилт, тэргүүлэх чиглэл буюу 12/5.6” сэдвээр ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэл,

 - “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах” сэдвээр ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл,

 - “Ухаалаг эрүүл мэнд” төслийг ЭМХТ-ийн дарга Ч.Бат-Эрдэнэ,

 - “Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн ус, ариун цэврийн нөхцлийг сайжруулах” сэдвээр ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн Ш.Уранцэцэг,

 - “Хүүхэд, өсвөр насныхны амны хөндийн эмгэгийн урьдчилан сэргийлэлт” сэдвээр ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн Д.Ганзориг нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

alt


Оролцогчид дээрх илтгэлүүдийн талаар асуулт асууж, 20 гаруй саналыг хэлэлцсэний дараагаар төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд ямар асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг ярилцаж, оновчтой шийдвэрлэх арга замуудын талаар нэгдсэн зөвлөмжийг гаргаж тавьсан юм. Үүнд:

  Улсын Их Хуралд:

 1. Бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгах,

 2. Хүн амын эрүүл мэндийн асуудал нэн чухал болохыг харгалзан Эрүүл мэндийн яамыг ерөнхий чиг үүргийн яам болгон статусыг өөрчлөх,

 3. Эрүүл мэндийн нийт санхүүжилтэд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний эзлэх хувийг одоо байгаа түвшнээс 3 дахин нэмэгдүүлэх, /Одоогийн түвшин 7,8 хувь/

 4. Нийгмийн эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах эрх зүйн үндэс боловсронгуй болгох,

  Засгийн газарт:

 1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг шинэчлэх төслийг дэмжин, хэрэгжүүлэх,

 2. Нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай үр ашигтай эрт илрүүлгийн хөтөлбөрийг өргөжүүлэн, санхүүжилтыг шийдвэрлэх,

 3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэхэд бусад салбарын оролцоог хангах,

 4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн түншлэлийн бүх хэлбэрийг дэмжих,

 5. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайлбал эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг ухаалаг гар утас хэрэглэгчдэд түгээх бүх санаачлагыг дэмжих, хамтран ажиллах,

 6. Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, импорт, худалдаа үйлчилгээ эрхэлж буй бизнесийн байгууллагуудад бодлогын дэмжлэг үзүүлэх,

 7. Ажилтны эрүүл мэндийг дэмжих болон эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих,

  Эрүүл мэндийн салбарт:

 1. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээг бүх шатанд сайжруулах,

 2. Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах, энэ чиглэлийн санаачлагыг бүх талаар дэмжих,

 3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг бүх талаар өргөжүүлэх,

  Төрийн бус байгууллага, иргэний нийгэмд:

 1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зорилтын дор төрийн гүйцэтгэх боломжгүй ажил, үйлчилгээг төр хүрч үйлчлэх боломж хязгаарлагдмал хүн амын бүлэгт хүргэх,

  Хувийн салбар:

 • Ажилтны эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх

 • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагын ачааллыг бууруулахад чиглэсэн түншлэлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх

 • Хүн амын эрүүл мэндийн эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах

 • Нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг тусган хэрэгжүүлэх

  Салбар хуралдаанаас гарсан дээрх зөвлөмжийг нэгдсэн хуралдаан дээр танилцууллаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)