Хүрээлэн буй орчны бохирдол хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй
- 2014-06-20
- Эрүүл мэнд
- 0
“Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд” сэдэвт
бага хурал боллоо. Тус хуралд ЭМЯ, БОНХЯ болон 6 ажлын хэсгийн
бүрэлдэхүүнийг төлөөлж төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч
нар оролцсон.Уулзалтын үеээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдол ихсэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд шууд болон шууд бусаар асар их хохирол учруулж байна.
Тухайлбал: Монгол улсын хувьд цөөн хэдэн баримтыг хэлэхийг хүсч байна.
- Судалгаа шинжилгээний ажлын үр дүнд гэрийн дотоод орчны агаарын найрлага дахь тоосонцорын агууламж нь 3 өрхийн нэгд нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 4.1 дахин их байгааг, хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин хүүхдийн дархлааг сулруулахад нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгааг тогтоогоод байна.
- Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013 оны урьдчилсан дүнгээс үзэхэд, шаардлага хангасан ус хангамжаар хангагдсан хүн амын эзлэх хувь 68.1% /60% /байхад шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь 58.3% /40%/ байна.
- Нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний 57% нь дунд зэргийн, 16% нь их бохирдолтой ангилалд хамаарч, 2002-2011 онд бүртгэгдсэн нийт вируст хепатитын 64-86%-ийг А вируст гепатитын өвчлөл эзэлж, 10000 хүн амд ногдох өвчлөл 2002, 2007, 2008, 2011 онуудад өндөр байна.
- Нийслэл хотод 2012 онд 24603 хүн халдварт өвчнөөр өвчилсөн нь өмнөх оноос 31.7 хувь буюу 5928 хүнээр, 10000 хүн тутмаас халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 43.11 продицмилээр өссөн байна. Монгол Улсын үндсэн хууль заасан Монгол улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг хангах, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого болон Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан хүн эрүүл, аюулгүй орчинд амьдарч, ажиллах, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагааг өрнүүлэх, идэвхижүүлэх үүднээс ЭМЯ-наас 2005-2015 онд “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг батлан, 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, орчны эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн хамтын ажиллагаа сайжирч, бохирдлын шалтгаан, хүчин зүйлд төрөлжсөн судалгаа хийх, эмнэлгийн хог хаягдлын менежментийн чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байна.
Иймд уг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, 2013 оны Каула Лумпурын тунхаглалыг хэрэгжүүлэх үүднээс “Орчин эрүүл мэнд” 6 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, төрийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгоор 2011 оны батлагдсан 32/А-28 дугаар хамтарсан тушаалыг шинэчлэн “Хүрээлэн буй орчин - эрүүл мэнд”-ын чиглэлээр ажиллах “Агаарын чанар, Ус, ариун цэврийн байгууламж, Химийн хортой болон аюултай бодис, Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, Уур амьсгалын өөрчлөлт, Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” зэрэг 6 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ЭМС, БОНХС-ын 2014 оны 126/А-134 дугаар хамтарсан тушаалаар баталсан.” хэмээлээ.

Сэтгэгдэл (0)