“Улаанбурхан авчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг албан ёсоор хүлээн авлаа
- 2014-06-26
- Эрүүл мэнд
- 0
Монгол улс “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг ДЭМБ-ын Номхон далайн Баруун эргийн бүсээс хүлээн авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Манай улс 1973 оноос улаанбурханы эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн бөгөөд сүүлийн 4-5 жилд улаанбурхан өвчин бүртгэгдээгүй байна. Тиймээс тус өвчнийг бүртгэгдээгүй эсэхийг лабораторийн тандалтын аргаар судалж баталгаажуулан, тайлан мэдээгээ Номхон далайн баруун эргийн бүсэд хүргүүлсэн. Ийнхүү Бүсийн Улаанбурханы устгалтын байдалд хяналт тавих хороо 2014 оны 03 дугаар сард хуралдаж, тус хурлын үеэр Монгол улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан гэдгийг баталгаажуулан, батламж гардуулахаар шийдсэн байна. Олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, гаргасан үр дүнг үнэлэн “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” батламжийг ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Халдварт өвчин хариуцсан захирал Марк Жакобс батламжийг Монгол улсын Засгийн газарт өнөөдөр/2014.06.26/ албан ёсоор гардуулан өглөө.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ёслолын арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Монгол ус Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламжийг авч байгаа нь Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын хамт олны хүч хөдөлмөрийн үр дүн болоод ард иргэдийн дархлаажуулалтын ач холбогдлыг ойлгон дэмждэг, тэдний дархлаажуулалтад хэрхэн хамрагддагийн тод илрэл” гэдгийг хэлсэн юм.
Монгол улс түүхэндээ 3 халдварт өвчнийг таслан зогсоож чадсан. Тодруулбал, манай улс 1920 оноос хүн амаа цагаанцэцгийн эсрэг вакцинаар дархлаажуулсан, үр дүнд нь 1940 онд цагаанцэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан түүхтэй. Мөн 1962 оноос халдварт саа өвчний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулсан ба үүний үр дүнд 2000 онд саа өвчнийг устгасан батламжийг ДЭМБ-аас хүлээн авч байлаа.
“Монгол улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламж”-ийг хүлээн авах ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархалын үг дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, 40 жилийн хөдөлмөрийн үр дүнг өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрын хугацаанд, Засгийн газрын тэргүүний хувьд гардаж авах болсондоо таатай байна, өнгөрсөн 40 жилд улаанбурхан өвчнийг устгах Дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэхэд маш сайн ажилласан гэдгийг онцлон хэлэв. Мөн энэ үр дүнг гаргахад хүч хөдөлмөрөө зарцуулан ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, сувилагчдад баяр хүргэж, цаашид амжилтаа хадгалан, илүү үр дүнд хүрч, ажиллахыг хүссэн юм.
Дархлаажуулалтын үйл ажиллагаанд олсон энэхүү ололт амжилт нь хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг тус үйл ажиллагааны үеэр үнэлэн хэлж байв.
Батламж хүлээн авах уг ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын НДБЭБ-ийн Халдварт өвчин хариуцсан захирал Марк Жакобс, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Ньюнт-У Су, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мухамед Малик Фолл нар болон эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүд нийт 300 гаруй хүн оролцлоо.
Түүнчлэн 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчингүй Монгол” Дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.


Сэтгэгдэл (0)