Сайд Дундговь аймагт ажиллалаа


Эрүүл мэндийн сайд Н.Удвал 6 сарын 30-нд Дундговь аймагт ажиллалаа. Сайд өглөө Дундговь аймгийн иргэдтэй хамт өглөөний дасгал, гүйлтэд оролцсон байна.

Дараа нь Аймгийн засаг даргын тамгын газарт болсон удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож, эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын талаар танилцуулга яриа хийж, харилцан ярилцсан. Сайд хэлэхдээ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй Телемедициний төсөл амжилттай хэрэгжиж байна. Үүний ачаар орон нутгийн иргэдийн хотод очиж эмчлүүлэх байдал 60 хүртэл хувиар буурсныг мэдэгдлээ. Түүнчлэн сайд, тус аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хандан эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

alt

alt

Мөн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгээр орж ажил байдалтай нь танилцаж, эмнэлэгийн эмч, ажилчидтай уулзалт яриа хийлээ.

alt

Тус аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд өрхийн эмнэлгийн нэг шинэ байр ашиглалтанд орсон байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг 217 ажилтантай. Амбулаториор жилдээ 70000 орчим хүнд үзлэг хийж, 50000 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд хэрэглэдэг байна. Тэргүүлэх тархалттай өвчлөлөөр зүрх судасны өвчлөл, хавдар, осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл ордог байна. Тус аймагт өмнө нь багийн төвүүүдэд бага эмч ажиллуулдаг байсныг өөрчилж их эмч ажиллуулдаг болгосоноо тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Х.Жаргал  хэллээ. Цаашид иргэдийн зүгээс эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авахад гардаг оочир, дарааллыг бууруулах талаар санаачлагатай ажиллахаа сайдад дуулгалаа. Тус аймагт сүүлийн жилүүдэд автомашины осол ихсэх хандлагатай байгаа. Гэтэл ийм онцгой нөхцөл байдал гарсан үед хэрэглэгдэх тоноглогдсон машин дутагдалтай байгаагаа сайдад уламжлав. Сайд асуудлыг судалж үзэхээ мэдэгдсэн. Уулзалтын төгсгөлд  Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр зарим ажилтанг шагнаж, урамшуулсан байна. 

alt

  Үдээс хойш сайд тус аймгийн Луус сумын эрүүл мэндийн төвөөр орж эмнэлэгийн эмч, ажилчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа. Тус эрүүл мэндийн төвийн байр 2010 онд шинээр ашиглалтанд орсон. Нийт 22 ажилтантайгаар үйл ажиллагаага явуулж байна. Сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд, "социализмын үед соёлын довтолгоон” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж манай иргэд соёлжиж байсныг дурдаад одоо бид “Эрүүл мэндийн довтолгоон” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, иргэдээ амьдралын зөв дадалтай болгох, өвчин эмгэгт өртсөн үед эмчлэхээс урьдчилан сэргийлэх ажил чухлыг онцоллоо. Сайд тус сумын зарим эмч, ажилтанг шагнаж урамшуулснаас гадна цэвэрлэгээний иж бүрэн төхөөрөмжийг гардуулсан.

alt

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)