Ч.Эрдэнэтуяа: Нөөц хомсдож, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүй байна

Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны нөөцийн хомсдолд оржээ. Энэ талаар тус төвийн жижүүрийн сувилагч Ч.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

-Цусны нөөц ямар байна вэ. Нөөцгүй болсон гэсэн мэдээлэл байна?

-Одоогоор гуравдугаар бүлгийн улаан эсийн бүтээгдэхүүний нөөц дөрөв, хоёрдугаар бүлгийн нөөц арван ширхэг байна. Манайх амралтын өдөр ажиллаж байна. Цусаа өгч байгаа хүний тоо маш бага байгаа. Бямба гаригт л гэхэд есөн хүн цусаа өгсөн. Ихэнх нь II бүлгийн цустай хүмүүс байна.

 -Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад цусны нөөц ямар байна вэ?

-Технологийн тасгийн эмчийн хэлж байгаагаар бол ханган нийлүүлэлт өнгөрсөн жилийнхээс илүү байгаа. Эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ихэссэн. Өвчин ихэсч, өдөр ирэх тусам цусны эмгэгтэй хүмүүс нэмэгдэж байна. Аваар осол болон төрхийн хүндрэлд цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай.

-Тэгэхээр эмнэлэгт хүний бие муудаж, цусны хэрэгцээ гарлаа гэхэд өгөх цусан бүтээгдэхүүнгүй болж байна гэж ойлгож болох уу?


 -Цусны хэрэгцээ гарлаа гэхэд нөөц хомс байна. Цусны хэрэгцээгээ хангах ямар ч боломж байхгүй. Төрөх эмнэлгүүдэд цусан бүтээгдэхүүн хэрэгтэй байна таван уут даршилсан улаан эс авна гээд ирдэг. Манайд дөрвөн ширхэг байдаг. Өгөхөөс өөр ямар ч арга байхгүй. Хүний амь нас бол үнэ цэнэтэй. Гэхдээ дараагийн эмнэлэгт өгөх цусгүй болоод үлдэж байна.

-Цусны нөөц хомсдоно гэдэг хүний амь нас эрсдэх аюултай гэсэн үг. Энэ тал дээр танай төв ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Манай төв сүүлийн дөрвөн долоо хоног амралтын өдрөөр ажиллаж байна. Явуулын бригадаар ажиллаж, цус авч байгаа. Бүх нөөц бололцоогоо ашиглаад л ажиллаж байна. Гэсэн ч цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Иргэддээ хандаж хэлэхэд цусаа ирж өгөөрэй. Монголчууд цөөхөн шүү дээ. Таны дусал цусаар хүний амь нас аврагдах болно гэж хэлмээр байна.

С.Ичинхорлоо
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)