“Цусны хомсдолд орсон нь донорын тоо цөөн байгаатай холбоотой” гэв
- 2014-08-06
- Эрүүл мэнд
- 0
Цус сэлбэлт судлалын
үндэсний төвд цусны нөөц
хомсдож, эмнэлгүүдийн цусан
бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж
чадахгүйд хүрсэн байна. Улс
даяар цусаа өгөх кампанит ажлыг
зохион байгуулсан ч дорвитой
үр дүн гарахгүй байгааг албаны
хүмүүс нь хэлж байна. Цусны
нөөцийн хомсдолд орлоо гэдэг нь
олон хүн амь насаараа хохирох
аюултай гэсэн үг. Ойрын хэдэн
жил цус, цусан бүтээгдэхүүний
хэрэгцээ яагаад огцом нэмэгдэв.
Монгол улсад ганц байдаг цусны
төв яагаад цусны хомсдолд
орох болсон, одоогоор хэр их
хэмжээний цусны нөөц хэрэгтэй
байгаа гэх асуултад хариу хайж,
Цус сэлбэлт судлалын үндэсний
төвийг зорилоо. “Цус цуглуулах
төв”-ийн хүлээлгийн танхимд цусаа
бэлэглэсэн 10 гаруй хүн амарч суув.
Оюутнууд амарч, иргэдийн ихэнх
нь ээлжийн амралтаа авч аялал
зугаалгаар явсан энэ үед буюу
долдугаар сараас есдүгээр сар
хүртэл бүлгийн хамаарлаас болж
хомсдолд ордог гэдгийг тус төвийн
эмч Ц.Тунгалагтамир онцолж
байлаа. Цус, цусан бүтээгдэхүүний
нөөц бүлгийн хамааралтайгаар
хомсдолтой байгаа аж. Тухайлбал,
III бүлгийн цусны нөөц хэвийн
үеийнхээс бага, II бүлгийн цусны
нөөц буурах хандлагатай байгаа.
Өнгөрсөн онд I бүлгийн цустай
хүмүүсийн хэрэглээ өндөр байсан
бол энэ онд II, III бүлгийн цустай
хүмүүсийн дунд цусан бүтээгдэхүүн
хэрэгцээтэй өвчлөл өндөр байгаа
нь судалгаагаар тогтоогдсон байна.
Түүнчлэн энэ жил 2013 оноос арав
гаруй хувиар илүү цус цуглуулсан
байна. Гэхдээ эмнэлгүүдийн цусан
бүтээгдэхүүний захиалга өдрөөс
өдөрт нэмэгдэж байгаа. Өөрөөр
хэлбэл, өсөн нэмэгдэж байгаа
хэрэгцээ, хангамжийг биелүүлэхийн
тулд их хэмжээний цус цуглуулах
зайлшгүй шаардлага тулгарч
байгаа аж. Үүнд ард иргэд иргэний
үүргээ биелүүлж цусаа хандивлах
хэрэгтэй, таны дусал цус хэн
нэгэнд амьдрал бэлэглэдэг гэдгийг
Цус сэлбэлт судлалын үндэсний
төвийнхэн хэлж байлаа. Тус
төвийн захирал Н.Эрдэнэбаяртай
ярилцлаа. Н.Эрдэнэбаяр: IIIБҮЛГИЙН ЦУСНЫ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙНА
-Цусны нөөц хомсдож, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэсэн. Энэ юутай холбоотой вэ?
-Цусны нөөц хомсдож байна гэдэг нь донорын тоо цөөрсөнтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар III бүлгийн цусны нөөцийн хэмжээ харьцангуй бага байна. Өнгөрсөн жил I бүлгийн цустай хүмүүсийн хэрэглээ өндөр байсан бол энэ зун II, III бүлгийн цусны хэрэгцээ их байна. Эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ ихэссэн. Өвчлөл нэмэгдэж, цусны эмгэгтэй хүмүүс олширч байна. Өсөн нэмэгдэж байгаа цусны хэрэгцээ, хангамжийг биелүүлэхийн тулд манай төвийнхөн амралтын өдөр ч ажиллаж байна. Ард иргэд цус хандивлах хэрэгтэй байна. Эрдэнэт хүний амь насыг аврахын тулд цусаа хандивлахыг уриалж байна.
-Одоогоор хэр их хэмжээний нөөц байгаа вэ?
-III бүлгийн нөөц бага байна. Онцгой шаардлагатай гэсэн эмнэлэгт цусыг тодорхой хэмжээгээр өгч байгаа. Эмнэлгүүдийн захиалсан хэмжээгээр бол өгч чадахгүй байна. II бүлгийн цусны нөөц дөрвөн хоног л байна. Нөгөө хоёр бүлгийн хувьд долоо хоногийн нөөцтэй.
-Нийслэлийн хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг өвчлөлтэй холбож, үзэж болох уу?
-Цус цуглуулалтын үйл ажиллагаа 2012 онд 20800 донороос цус цуглуулж байсан. 2013 оны эцсээр аваад үзвэл энэ тоо 22800 донор болж өссөн. Тухайлбал, арван хувиар нэмэгдсэн. Энэ оны хувьд ч гэсэн өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-аад хувиар өссөн үзүүлэлтэй байгаа. Гэвч цус, цусан бүтээгдэхүнйи эрэлт, хэрэгцээтэй өвчин эмгэг буурахгүй байна. Тиймээс хангамжийг сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авах зайлшгүй хэрэгтэй байна.
-Цус нөөц хомсодно гэдэг хүний амь нас эрсдэх аюултай гэсэн үг. Энэ тал дээр танай төв ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Дэлхий нийтэд гурван төрлийн цус цуглуулах үйл ажиллагаа байдаг. Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр суурин хэлбэрээр цус цуглуулдаг. Мөн явуулын хэлбэрээр албан байгууллагаар очиж авч байна. Суурин цус цуглуулах цэгийг алслагдсан дүүргүүдэд ажиллуулж байгаа. Одоогоор Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт суурин цус цуглуулах цэг ажиллаж байна. Иргэд ч суурин цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой.
-Засгийн газраас цусны нөөц нэмэгдүүлэх тал дээр хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Цусны алба гэдэг бол зөвхөн ЭМЯ, Цусны төвийн асуудал гэхээсээ илүүтэй Монгол Улсын төр, ТББ-уудын оролцооны ажил байх ёстой. Өөрөөр хэлбэл, салбар дундын хамтын ажиллагаа хамгийн их байдаг. Энэ хүрээнд бид хэрэгцээтэй байгаа цус, цусан бүтээгдэхүүнийхээ хангамжийг сайжруулах боломж бүрддэг. УИХ- ын 2007 оны тогтоол, Засгийн газрын 2008 оны тогтоолын дагуу 2008- 2015 онд цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны албыг бэхжүүлэх бодлого хэрэгжиж байгаа. Энэ бодлогын хэрэгжилт үндсэндээ сайн биелж байна. Цусны албаны тоног, төхөөрөмж, хүний нөөцийн асуудлууд жилээс жилд нэмэгдэж сайжирч байгаа. Гэхдээ донорын тоо нэмэгдээд байгаа ч өнөөдөр манай орны хувьд ДЭМБ- аас зөвлөмж болгож байгаа тоонд хүрэхгүй байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эдийн засгийн хувьд дундаж хөгжилтэй орнуудын хувьд хүн амын 1.5 хувь нь цусаа бэлэглэвэл хэрэгцээг хангана гэж үздэг бол манай улсын хэмжээнд 0.8 хувьтай яваад байгаа. Үүнийг өнөөдөр хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна..Үүний цаана төсөв, санхүүгийн асуудал гарч ирдэг. Энэ зүйлүүдийг Засгийн газраас дэмжээд өгвөл бид ДЭМБ-ын зөвлөмжид богино хугацаанд хүрэх боломжтой.
-Донор болохын тулд ямар шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй вэ?
-Манайд нэг удаа цусаа өгч байгаа доноруудыг дахин цусаа өгч байнгын донор болохыг уриалмаар байна. Өнөөдөр 17 нас хүрсэн 45 кг-аас дээш жинтэй эрүүл хүн бүр манай төв дээр ирээд цусаа өгч болно. Таны биеэс нэг удаа авсан цус гурван төрлийн бүтээгдэхүүн болж, гурван хүний амь насыг аврах боломжтой. -Донорууд нэг удаад ямар хэмжээний цус бэлэглэх боломжтой вэ. Бэлэглэсэн хугацаанд бүрэн төлжих боломжтой бол? -Хүн таван литр цустай. Үүнээс нэг удаад 350 мл-ыг өгөхөд тэр өдрөө нөхөгддөг. Цусаа өгсөн доноруудын хувьд 10-14 хоногийн дотор нийт эсийн тоо, цус цусан бүтээгдэхүүн бүрэн нөхөн төлждөг. Ингэснээр хүний бодисын солилцоо эрчимжиж, бие махбодийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Цусаа өгсөн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө гардаггүй гэдгийг олон судлаачид нотолсон. Цус сэлбэлт судлалын асуудал дэлхийд нэлээд харьцангуй залуу шинжлэх ухаан боловч олон орны эрдэмтэн судаачдын судалгаагаар цусаа цинклээр өгөхөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй нь тогтоогдсон.
ЦУСНЫ БАЙНГЫН НӨӨЦТЭЙ БАЙХЫН ТУЛД ЦССҮ ӨДӨРТ БАЙНГЫН 60-100 ДОНОРТОЙ БАЙХ ЁСТОЙ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 55 эмнэлэг цус, цусан бүтээгдэхүүн авдаг байна. Нөөц хомсдож буй нь цусны төрлийн өвчлөл нэмэгдэж, осол гэмтэлд өртөгсдөд болон төрөхийн хүндрэлүүдэд цус сэлбэх шаардлага ихээр гарах болжээ. Насанд хүрсэн хүний биед 5-6 литр цус эргэлддэг. Үүнээс гурван сард нэг удаа 400 гр цус хандивлахад хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй бөгөөд гурван хүний алтан амийг аврах тустай гэдгийг тус төвийнхөн хэллээ. Цусны нөөцийн хомсдолд орсон мэдээллийн дагуу цусаа өгөхөөр ирсэн хүмүүс олон байлаа. Цусны нөөцийн хомсдолд орсон мэдээллийн дагуу цусаа өгөхөөр ирсэн хүмүүс олон байлаа.
Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонссон юм.
Б.Хатанбаатар: ДОНОРУУД ЦУСАА ӨГСӨН Ч ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Би донор болоод хоёр жил болж байна. Нэгдүгээр бүлгийн цустай. 14 хоногт нэг удаа өгдөг. Амьдрал бэлэглэгч шингэний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ нь төрөхийн хүндрэл болон аваар осол их гарч байгаатай холбоотой. Донорууд цусаа өгсөн ч эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс иргэдээсээ цусаа бэлэглэж, хэн нэгэнд амьдрал бэлэглээсэй гэж хүсмээр байна.
Б.Мэндбаяр: ОЛОН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЯВААДАА БАЯРЛАДАГ
-Би өнгөрсөн жилээс эхлэн цус өгсөн. I бүлгийн цустай донор. Цусаа өгөх нь хүний алтан амийг аварч буй маш гайхамшигтай гавьяа юм. Би донор гэх эрхэм алдрыг хүртэж, олон хүнийг үхлээс аварч яваадаа баярладаг. Та ч гэсэн хүссэн цагтаа донор болох боломжтой. Бид үсээ дахиад л ургачих юм чинь гээд харамсахгүйгээр тайруулдаг хэрнээ цусаа өгөхөөр харамлаад, харамсаад байдаг нь сонин. Уг нь бидний биед ойролцоогоор 4-5 литр цус эргэлддэгээс тэр нь байнга шинэчлэгдэж, төлжиж байдаг. Хөгширч, устаад хэрэггүй болчих цусаа өвчтэй хүмүүст өгсөн нь дээр.
Т.Лхасүрэн: ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХҮМҮҮС ЦУСАА ХАНДИВЛАХ ХЭРЭГТЭЙ
Цусны нөөц хомсдож, хүний амь нас хохирох аюултай гэх мэдээллийг сонсоод цусаа өгөхөөр шийдсэн. Миний хувьд хоёр дахь удаагаа цусаа өгч байна. Сүүлийн жилүүдэд өвчлөл нэмэгдэж, цусны хэрэгцээ ихсэж байгаа. Төрийн түшээдээс эхлээд бүх эрүүл чийрэг хүмүүс цусаа хандивлах хэрэгтэй. Улс орны цусны хангамжийг хэвийн хэмжээнд байлгахын тулд нийт хүн амын гурваас доошгүй хувь нь донор байх хэрэгтэй байдаг аж. Энэ нь хоёр сая гаруй хүн амтай манай орны хувьд 51 мянган цусны донортой байх ёстой гэсэн үг. Гэтэл манайх дөнгөж 20 мянга орчим донортой аж. Түүгээр зогсохгүй донорын насны ялгаа улс орнуудад өөр өөр байдаг гэнэ. Тухайлбал, Японд л гэхэд 17-65 настай хүмүүс донор байж болдог бол манайд 17- 60 настай хүмүүс донор байж болох аж. Мөн аль ч улс орны гол масс нь оюутан залуус, цэргүүд байдаг гэнэ. Хүнд тус болно гэхээр л эд мөнгөөр туслахыг хэлдэг гэж иргэд ойлгодог. Гэтэл мөнгө эд баялгаас үнэтэй зүйл бас байдаг гэдгийг ойлгосон оюутан залуус маань халуун цусаа өгч хэмжээлшгүй их буян үйлдэж байна. Тэднийг мөнгөний төлөө цусаа худалдлаа гэж эцэг эх, ах дүү нь зэмлэдэг хэмээн гомдоллодог тухай оюутнууд хэлж байлаа. Гэтэл цусыг Дэлхий нийтээр 100 хувь авлагагүй өгөхөөр тогтоод удаж байгаа аж. Тиймээс манай улс байнгын нөөцтэй байхын тулд Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөрт 60-100 байнгын донортой байх ёстой гэнэ. Өнөөдөр дэлхийн улс орнуудад 1000 хүн амд 50-80 донор ногдож байдаг. Гэтэл манайд 1000 хүнд найман хүн ногдож байх жишээтэй. Бүх хувийн хэвшлийн эмнэлгүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс гэмтэл, томоохон мэс ажилбарын үед хийх цус, цусан бүтээгдэхүүнээ авдаг юм байна. Гэтэл зун цусны хомсдолд орж, сийвэнгийн бүтээгдэхүүн багасдаг аж.
С.Ичинхорлоо
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл (1)
(103.26.193.14)
БОЛЬЁ ОО