Б.Ганбат: Эмийн санчийн хариуцлагагүй үйлдэл мөн бол мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасна

“Монос” эмийн сангаас Фенобарбитал эмийг худалдан авч, хэрэглэснээс 16 хүүхэд хордсон. Тэд ЭХЭМҮТ-д хэвтэж эмчлүүлээд дөрөв хонож байна. Тэгвэл өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбатаас зарим зүйлийн тодрууллаа.

-Нэн түрүүнд анхаарал хандуулах зүйл бол хүүхдүүдийн эрүүл мэнд. Одоогоор тэдний биеийн байдал ямар байна вэ?

-Хүүхдүүдийг ЭХЭМҮТ бүрэн хяналтандаа авсан. Биеийн байдал нь харьцангуй сайжирсан. Хордлогоосоо гарч байгаа.

-Дараагийнх нь хариуцлага алдсан эмийн санчид хариуцлага тооцох асуудал яригдах байх. Ямар мэргэжилтэй хүн эмийн санч хийх ёстой вэ?

-Тухайн эм олголтыг хийсэн эмийн санчийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдал үүслээ гэсэн эхний дүгнэлт гарсан. Гэхдээ холбогдох байгууллагуудын дүгнэлт гарахаар эцэслэн дүгнэж хариуцлагын асуудлыг ярих болно. Хуучнаар дээд, дунд гэж хоёр хуваадаг байсан. Дээд гэдэг нь эм зүйч. Дунд гэдэг нь эм найруулагч. “Монос”-ын эмийн санч эм найруулагч мэргэжилтэй байсан. Эмийн санч хийж болно гэсэн үг. Мэргэжлийн байгууллага алдаа дутагдлыг тодорхойлсон үед Нийслэлийн эрүүл мэндийн газар эмийн санчдыг мэргэжлээрээ ажиллах зөвшөөрлийг цуцлах эрхтэй.

 -Мэргэжлийн хяналтаас тухайн эмийг буцааж татна гэсэн мэдээлэл өгсөн. Хэзээнээс татах вэ. Буцааж татсан тохиолдолд тухайн эмийн үйлчилгээг орлох өөр төрлийн эм байгаа юу?

-Энэ эмийг татах тухай асуудлыг ярьж байна. Мэргэжлийн хяналтаас тухайн эмийг стандартын дагуу хийсэн эсэх, бүртгэл нь ямар шатандаа явж байгаа талаар шалгаж байна. Лабораторид шинжилгээнд өгнө. Гэхдээ одоогоор өгөөгүй байна. Тиймээс эцсийн шийдвэр дүгнэлт гараагүй байхад буцааж татна гэсэн асуудал ярихгүй. Фенобарбитал эмийг анх 1904 онд үйлдвэрлэсэн. Үүнээс хойш хэрэглэж байна. Зөв хэрэглэвэл сайн эм.

 -Ямар нэгэн алдаа дутагдал гарсны дараа хариуцдаг харьяа байгууллагаас мэдээлэл хийж иргэдэд сэрэмжлүүлэг өгөх юм. Үүнтэй адилхан алдаа гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

 -Манай байгууллагын зүгээс тодорхой арга хэмжээг төлөвлөж байна. Тухайлбал, эмийн сангийн зөвшөөрлийг эрэлт хэрэгцээтэй уялдуулах, алслагдсан дүүрэг хороонд шинээр байгуулах, эмийн ханган нийлүүлэлт түгээлтийн асуудлыг чанартай хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч ажиллаж байна.

С.НЭМЭХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.193.15)

    2014-08-13

    ЗӨВ ШҮҮ