Г.Сүрэнханд: Эбола вирусээр 1069 хүн нас барлаа

 ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгаа менежментийн салбараас Зүүн Африкийн улс орнуудад хурдацтай тархаж байгаа эбола вирусээс манай улс хэрхэн сэргийлэх талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус эмнэлгийн Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн хэлтсийн дэд захирал Г.Сүрэнхандаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эбола вирус гэж яг ямар төрлийн халдвар вэ. Уг вирус хүнд халдварласан тохиолдолд яаж илрэх вэ?

 -Эбола вирусын халдвар нь цочмог явцтай халдварлалт, нас баралт өндөртэй, вирусээр үүсгэгддэг, шууд ба шууд бус замаар дамжин халдварладаг өвчин. Халдвар авсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай байдаг. Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног байдаг. Гэнэт өндөр хэмтэй халуурч, бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Дараа нь бөөлжих, суулгах, цусархаг тууралт гарах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

- Эбола вирусын халдвар ямар замаар дамждаг вэ?

-Ихэвчлэн өвчилсөн хүний гэмтсэн арьс, салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн, өтгөн зэргээр бохир орчны эд зүйлстэй харьцах замаар халдвар дамжина. Мөн нас барсан өвчтөнийг оршуулах явцад бие махбодид нь хүрэх үед халдвар дамждаг болохыг тогтоосон.

-Энэ вирус анх аль улсад бүртгэгдэж байсан бэ. Одоогоор хэчнээн улсад вирус тархаад байна вэ?

-Анх 1976 онд Суданы Нзака болон Ардчилсан Конго улсын Ямбуку тосгонд бүртгэгдсэн. Эбола гэдэг голын дэргэд бүртгэгдсэн учир энэ голын нэрээр нэрлэсэн юм байна лээ. Үүнээс хойш ихэвчлэн төв болон баруун Африкын орнуудад 20 гаруй дэгдэлт бүртгэгдсэн. Эдгээрээс хамгийн том дэгдэлт нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхэлсэн Гвиней, Либери, Нигер болон Сьерра Леон улсад бүртгэгдсэн юм. Ширэнгэн ойн сармагчин, горелла, шимпанзе, хүр зараа зэрэг амьтнаас хүнд анх удаа халдварласан.

-Өвчлөл гарсан улсуудад монгол хүмүүс байгаа болов уу?

-Одоогоор монгол хүмүүс байхгүй. Бид ГХЯ болон холбогдох байгууллагуудтай байнгын мэдээлэл солилцож байна.

- Халдвар авсан хүний 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай гэхээр нэлээд хүнд өвчин бололтой. Өнөөдрийн байдлаар эбола вирусын халдвар авсан нийт хэчнээн тохиолдол байна вэ?

-Энэ сарын 11-ний байдлаар дээр дурдсан дөрвөн улсад 1975 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1069 хүн нас барсан байна. Тиймээс дээрх өвчний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс энэ сарын 8-ны өдөр мэдэгдэл гаргасан. Өвчний эрсдэлийн үнэлгээг гурван удаа хийсэн. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй, гэнэтийн ховор тохиолдол, олон улсад тархах магадлал өндөр. Энэ өвчин гарсан болон түүнтэй хэл залгаа орших улс орон руу явж буй хүмүүст нэлээд тодорхой зөвлөмжүүдийг өгч байна.

-Тухайн вирусыг устгах вакцин бий юү. Хэрвээ манайд энэ төрлийн өвчин гарсан тохиолдолд эмчлэх боломж байгаа юу?

-Одоогоор тухайн вирусыг устгах вакцин, эмчилгээ байхгүй. Зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг эм өгөх, алдсан шингэнийг нөхөх, цус алдсан тохиолдолд тогтоох зэрэг эмчилгээ хийнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Хэчнээн сайн бэлтгэлтэй байна, төдий чинээ хурдан хязгаарлаж чадна л гэсэн үг. Манай ХӨСҮТ дээр улсын хэмжээний нөөцийн эмнүүд хадгалагдаж байгаа. Хэрвээ гарсан тохиолдолд эхний арга хэмжээг авахад бэлэн байна.

-Эбола вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сьерра Леон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд манайхаас оролцдог. Тиймээс Батлан хамгаалах яаманд тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн. Мөн ЭМЯ, ССАЖЯ, Уул уурхайн яам, Гадаад хэргийн яам хилийн боомт зэрэгт зөвлөмж өгсөн. Тухайлбал, дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлагагүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх, түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх, өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх нь чухал. Мөн дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш гурван долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д хандах хэрэгтэй.

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (203.169.55.152)

    2014-08-16

    Ер нь Африкруу энхийг сахиулах цэрэг явуулахаа зогсоож, Африкийн харуудыг Монголын хилээр бүү алхуул. Камеруны хоёр хар Монголд ДОХ тараасан нь багадаа юу. ДОХ-оос бүр долоон дор Эбола вирус оруулж ирэх нь дутаа юу?

  • зочин (202.179.24.232)

    2014-08-16

    аюултай өвчин бол яах гэж хэдэн бор цэргээ илгээх гэж баярлаж гүйгээд байнаа мөнгө нүдэнд нь үзэгдээд байгаа юм болов уу аан

  • M (103.26.193.17)

    2014-08-16

    naadchin agaaraar bas damjdag shvvde. haldwar awbal uhliin muugaar l uheh bno. bvh nvh suweer n tsus olgoidono