Их гүрний удирдагчдын айлчлалын үр дүн юу байв

Хоёр хөршийн Төрийн тэргүүн нарын айлчлал болж өндөрлөлөө. БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар 26, ОХУ- ын Ерөнхийлөгчийнхөөр 14 гэрээ, хэлцэл, Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан. Си Зиньпин, В.Путин нарыг манай улсад ирэхээс өмнө ямар асуудлыг голчлон ярилцах талаар цахим ертөнцийнхөн янз бүрээр таамаглаж байлаа. Хятадын талтай транзит тээврээр шийдэл хүрч Оростой харилцан визгүй зорчих асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн олны таамаг үнэнээс хол зөрсөнгүй. Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын айлчлал манай эдийн засаг, гадаад худалдаа, улс төрийн амьдрал ямар өөрчлөлт авчрах вэ гэдэгт олон нийт чих тавьж байна. Олон улсын нөхцөл байдал эгзэгтэй байгаа ийм цаг үед их гүрний удирдагчид ээлжлэн манайд айлчилсан нь дэлхий нийт Монголд анхаарлаа хандуулах бас нэгэн шалтгаан болов. Хэдийгээр манай улс эдийн засаг, улс төрийн хувьд дотооддоо хямралтай байгаа ч гадаад харилцааны төвшинд олон улсын анхаарлыг татаж чадлаа. Энэ удаагийн айлчлалаар үзэглэсэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрүүд Монголын эдийн засгийг өөд нь татах нь лавтай. Юутай ч БНХАУ-ын дарга “Айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байна” гэдгээ хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг Монголын Төрийн тэргүүн “Цаг хугацаа давчуу ч маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болж байна” хэмээн дүгнэсэн билээ. Ингээд хоёр хөршийн удирдагчидтай гол, гол салбарт ямар яриа хэлэлцээр хийснийг багцлан хүргэж байна.

 

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Орост 20 жил гаалийн татвар, хураамжгүй нийлүүлэх хүсэлт тавилаа

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой олон гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиачуан нар үндэсний мөнгөн тэмдэг солилцох своп хэлцлийн хэмжээг 10-15 тэрбум юань болгож, нэмэгдүүлэх гэрээг байгуулсан. Түүнчлэн хоёр улсын Хөгжлийн банк хооронд 162 сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар манай талаас хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа уламжилсан. Монгол, Оросын худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг өргөнөөр ашиглаж, харилцан солилцоо хийн худалдааны хэмжээтэй дүйх рублийн зээл авах талаар ярилцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд 20 жилийн турш гаалийн татвар, хураамжгүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх гэрээг ойрын хугацаанд үзэглэхийг хүсч байгаагаа илэрхийллээ. Харин Си Зиньпин даргын айлчлалын үеэр яг үүнтэй адил хүсэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжилж байсан юм. ОХУ-тай худалдааны тэнцвэрт байдал хэт зөрүүтэй байгаад анхаарал хандуулах талаар талууд ярилцсан байна. Үүний үр дүнд манай талаас ОХУ- ын эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадвал мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг В.Путин Ерөнхийлөгч хэлсэн юм.

 

“Улаанбаатар” төмөр замыг цахилгаанжуулж, хос болгох ажлыг 2020 онд дуусгана

Хоёр хөршийн Төрийн тэргүүн нарын айлчлалаар зам тээвэр, дэд бүтэцтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Юун түрүүнд Хятад Улстай транзит тээврийн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэснийг энд дурдах хэрэгтэй. Харин ОХУ-тай Улаанбаатар төмөр замын шинэчлэх, хөгжүүлэх, стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Үүгээр төмөр замыг цахилгаанжуулж, хос болгох, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг 2020 он гэхэд дуусгахаар талууд тохиролцлоо. Тодруулбал, Улаанбаатар төмөр замыг Завханы Арц суурийн боомт хүргэх юм. Ингэснээр Монгол Улс ОХУ руу шинэ төмөр замын гарцтай болж байна. Агаарын тээврийн салбарт МИАТ , “Аэрофлот” компаниуд хамтарч ажиллахаар болсон юм. Дээрх компаниуд нислэгийн чиглэлээ нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах ажээ. Транзит тээврийн асуудлаар Оросын талтай харилцан ойлголцолд хүрч 2020 он гэхэд 20 сая хүртэлх тонн ачааг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэхээр боллоо.

 

Ц.Оюунтунгалаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)