“Дунгийн суулгац”-ын дараах сургууль байгуулахад зориулан хандив өргөжээ

Манай улсад төрөлхийн болон олдмол таг дүлий хүнд сонсгол оруулах орчин үеийн эмчилгээний дэвшилтэт арга болох “Дунгийн суулгац”-ын мэс засал нь  2009 оноос эрчимтэй хийгдэж байгаа билээ. Одоогийн байдлаар 20 хүүхдэд “Дунгийн суулгац”-ыг амжилттай хийж,  эмчилгээний үр дүн өндөр байна.
Дунгийн суулгац буюу Кохлеар имплант нь 1970 оноос эхлэн чих судлалын салбарт нэвтэрч эхэлсэн бөгөөд өнгөрсөн 40 жилийн хугацаанд нилээдгүй амжилтыг олсон бөгөөд цаашид улам боловсронгуй болгох асуудал эрдэмтдийн анхаарлыг татсан асуудал хэвээр байгаа юм.

Дунгийн суулгац хагалгааг хийлгэснээр таг дүлий хүний “Чих сонсгол, оюун ухаан, хэл яриа” гэсэн 3 мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаа сэргэж, хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эгнээнээс жирийн хүний  эгнээнд шилжих боломжтой болдог. Энэ нь  зүгээр нэг хагалгаа ч биш, урт хугацааны эмчилгээ, хяналт шаарддаг,  хагалгаа, хэл заслын хичээл зэргийг цогцоор нь хийж байж  үр дүн нь гардаг эрхтэн юм.

Манай улсад таг дүлий төрсөн хүүхдүүдэд дунгийн суулгац хагалгаа хийгээд 5 жил болж байгаа бөгөөд хамгийн анх хагалгаанд орсон  хүүхэд одоо жирийн сургуульд орж, 2-р ангид явж байна. Дунгийн суулгац хийлгэсэн эдгээр хүүхдүүдийг жирийн сургуульд сурахаас нь өмнө  заавал тусгай мэргэжлийн багш нар, ойлгож ярьж сурахад нь тусалдаг. Иймээс энэхүү чухал сургалтыг явуулдаг сургууль байгуулахад туслаач гэсэн саналыг Анагаах ухааны доктор, сонсголын эмч М.Заяа, Вюрцбургийн их сургуулийн Цахилгаан техникийн инженерээр ажиллаж байсан одоогоор тэтгэвэрт байдаг, Манфред Хааз /Мани/ хэмээх хүнд тавьсан юм.
Санал тавьсан И-Мэйл авсны дараа  Манфред Хааз тусгай сургуульд зориулан хандив цуглуулах санаа төрж, хандивийн хайрцаг хийсэн байна. Хайрцаг бэлэн болсон эхний өдрөө л тэрээр эхний 50 Еврогоо хүлээн авчээ.
Улмаар Манфред Хааз энэ ажлын хүрээнд манай улсад хүрэлцэн ирж, эхний ээлжийн хандивын мөнгөө ЧХХ, сонсголын “ЭМЖЖ” эмнэлэгт хүлээлгэн өглөө. Манфред Хааз нь цаашид энэ ажлыг  үргэлжлүүлэн олон хүнд таниулан сургууль байгуулах хэмжээний мөнгийг цуглуулах хүсэлтэй байгаа аж.

 

Т.Далай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)