Эрүүл мэндийн яамнаас Эбола вирусээс сэрэмжлэхийг анхаарууллаа
- 2014-10-14
- Эрүүл мэнд
- 0
Дэлхий нийтийн анхааралд байгаа өвчин бол Эбола вирус юм. Эбола вирусын тархалт, халдвар газар авсаар байна. Одоогийн байдлаар /2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар/ дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна.
Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас барсан байна. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байгаа юм. Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон гэж уг өвчнийг судалж буй эрдэмтэн, судлаачид үзэж байгаа юм. . Тиймээс Эрүүл мэндийн яамнаас иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сэрэмжлүүлэг хүргүүллээ.
Тодруулбал: Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх, Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх, гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандахыг анхааруулсан байна.
Мөн дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн ойр дотны хүрээлэн дунд чинь тааралдвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсад өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах, эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх, иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)