Хүүхэд чинь шарлавал хотын даргаас мөнгө нэх

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд халдварт гепатит буюу шар өвчнөөр өвчлөх нь эрс ихэсчээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны их эмч Д.Гомбожавтай ярилцлаа.

 

-Шар өвчин өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ?

 

-Шар өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвддөг. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд уг өвчний 8138 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 4635 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Зөвхөн энэ дүнгээс харахад шар өвчин ямархуу хэмжээнд нэмэгдээд байгаа нь ойлгомжтой. Үүнээс А вирус 90.6 хувь, В вирус 6.7 хувь, С вирус 1.2 хувь, бусад вирус 1.5 хувийг тус тус эзэлж байна.

 

-Халдварт шар өвчин энэ жил яагаад ийм элбэг байна вэ?

 

-Манай оронд анх 1956 онд бүртгэгдсэнээсээ хойш энэ өвчин хоёроос дөрвөн жилийн хугацаатайгаар үе, үе дэгдэлт хэлбэрээр тархаж байна. Сүүлд 2007 онд дэгдэлт хэлбэрээр гараад аажим буурсаар 2011 онд ахин дэгдэж байна. Манай төвийн судлаачдын судалгаагаар цаашид 2017 он хүртэл энэ өвчний тархалт нэг их буурахгүй гэсэн дүгнэлт гараад байгаа.

 

-Шар өвчин дэгдэх гол хүчин зүйлүүд нь юу вэ?

 

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010 онд энэ талын эрсдэлийн судалгааг хийсэн. Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрсийг голлон судалсан юм билээ. Гэтэл усны 71 хувьд хүнсний бүтээгдэхүүний 35 хувьд нь халдварт шарын А гепатит вирус байнга оршин байдгийг илрүүлж, тогтоосон байгаа юм.

 

-Самар их ургаж энэ талын хэрэглээ их болсноос шар дэгдлээ гэсэн яриа гадуур байгаа?

 

-Самар уг нь хүнсний бүтээгдэхүүнийхээ төрөлд хамаарах байх л даа. Гэхдээ одоо байдлыг харахад яалт ч үгүй шар өвчний номер нэг шалтгаан болоод байна. Хүмүүс самрыг янз янзын бохир шуудай, уут саванд хийгээд дуртай газраа зарж байна шүү дээ. Тэдгээр самар худалдаалж буй хүмүүс гарын ариун цэвэр сахидаггүй. Шар бол өтгөн мөн, амаар дамжин бохир гарын тусламжтайгаар тардаг өвчин. Мөн манай хот хөрсний бохирдол ихтэй шүү дээ. Автобусны буудал дээр шороо тоосон дунд тухайн бүтээгдэхүүн хөрсний бохирдлоор бохирдож л байгаа. Гэтэл хүмүүс бохир орчинд савлагдсан дэндүү бохир гараар зарагдаж байгаа самрыг аваад шууд амандаа хийчихдэг. Самрыг гэртээ ямар нөхцөлд ямар бохир аргаар яаж цайруулж байгааг хэлэхэд бэрх шүү дээ.

 

-Усны 71 хувиас илэрсэн нь анхаарал татаж байна л даа. Энэ тохиолдолд хэрхэн сэргийлэх вэ?

 

-Ундны усны эх үүсвэрээс авсан дээжнүүдийн 71 хувьд илэрсэн байгаа. Хүмүүст усаа заавал буцалгаж хэрэглэж байгаарай гэж захих байна. Усыг буцалгахад вирус идэвхгүй болдог. Мөн баталгаатай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал.

 

-Шар өвчин өмнөх жилээсээ нэмэгдсэн. Энэ тохиолдолд манайд эмчилгээний ор хэр хүрэлцээтэй байдаг юм бол оо?

 

-Манайд хэвтэн эмчлүүлэхэд байр, ор хүрэлцээтэй байдаг. Маш том эмнэлэг шүү дээ. Анхнаасаа элдэв өвчний дэгдэлтийн үед ажиллахаар тооцоолсон. Тухайн хүн шинжилгээ хийлгээд тогтоогдвол шууд л хэвтэж эмчлүүлнэ. Эмчийн үзлэгээр илэрвэл шинжилгээгээ хүлээлгүй шууд хэвтсэн ч болно. Шар өвчний дэгдэлт цаашдаа улам ихсээд арванхоёрдугаар сард оргил үедээ хүрээд буурна. Энэ өвчин 15-50 хоног шинж тэмдэг нь илрэхгүй нууц далд байдаг.

 

-Нууц үе нь их удаан юм байна. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

 

-Их төлөв хүүхэд өвчилдөг шүү дээ. Баруун хавирганы доогуур өвдөх, арьс шарлах, бага зэрэг халуурах, бие сулрах, баасны өнгө цайвар болж шээс өтгөрөх, хоолонд дургүй болох, бие загатнах, ядрах шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдэд түрүүлгээ харж хэвтэх, уйлагнах, ноомой болох шинж мөн илэрдэг. Хүнсний бүтээгдэхүүнээ бүрэн болгож хэрэглэх, хувийн ариун цэврийг маш сайн сахих, мөн хөрсний бохирдол багатай шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх зэргээр урьдчилан сэргийлж болно. Мөн манай төв дээр төлбөртэй урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа.

 

-Гэр хороололд айлууд угаадсаа гудмандаа асгах, борооны дараа жорлон нь халих зэрэг зүйл ажиглагддаг шүү дээ. Энэ байдал ч шар өвчин буурахгүй байгаагийн нэг шалтгаан болов уу?

 

-Бидний хийсэн судалгаагаар шар өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 72 хувь нь гэр хороололд, 28 хувь нь орон сууцанд амьдардаг айл өрхийн хүүхдүүд байна гэсэн тооцоо гарсан. Энэ өвчин мөн хүн амын нягтрал хаана их байна тэнд элбэг байдаг. Гэр хорооллынхны ариун цэвэр, угаадас, хогны асуудал мөн ч олон жил яригдаж, мөн  ч олон даргын нүүрэн дээр сайжирч засал авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ шүү дээ. Шар өвчнөөр нийт өвчилж байгаа 80 шахам хувь нь гэр хорооллоос байгаа нь нөгөө л бохир орчин, хогондоо дарагдчихсан байдлаас болж байгаа хэрэг. Үнэнийг хэлэхэд гэр хорооллынхны хүүхдүүд өвдвөл, шарлах юм бол эцэг эхчүүд нь хотын даргаас хүүхдийнхээ эмчлүүлэх мөнгийг нэхэх хэрэгтэй гэж бодогддог.

 

-Хэд орчим насны хүүхдүүд өвдөх нь элбэг байдаг вэ. Хүндэрсэн тохиолдолд хэр ноцтой өвчин бэ?

 

-Улаанбаатарт бүртгэгдсэн өвчний энэ оны эхний есөн сарын байдлаас харахад 0-9 насны хүүхдүүд 68 хувьтай үүн дотроо 0-4 насны хүүхэд 51.3 хувьтай байна. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхэд өвчлөх нь бага байдаг. Ихэвчлэн 2-4 насны хүүхдүүд ирдэг. Хэрэв эрт оношлохгүй удааж хүндрүүлэх юм бол тун ноцтой. Архагших, хавдар үүсэх улмаар амь насанд нь ч аюул тохиолдож болно.

 

-Манайд шарлаж байгаагүй хүн их цөөхөн байдаг шүү дээ. Энэ өвчин вирусийн гаралтай тиймээс эмчлүүлсний дараа сөрөг зүйл гарах уу?

 

-Ер нь эмчийн хяналтанд байж вирусээ тоолуулах хэрэгтэй. В, С  вирус маш их сөрөг нөлөөтэй. Хавдар болох, хүүхдэд нь дамжих, бэлгийн замаар халдах гээд их юм бий. Хүүхдэд төрсөн даруйд нь вакцин хийгээд сэргийлчихдэг. Тэглээ гээд санаа амарч болохгүй.

 

-Тэгэхээр халдварт шар өвчнөөр өвдөөд эмчилгээ хийлгэсний дараа ч энэ өвчин бэлгийн замаар халдварлана гэсэн үг үү.

 

-Тийм ээ. Энэ талаар хүмүүс маш бага ойлголттой байдаг. Бэлгийн замаар шар өвчний халдвар авчихаад мэдэхгүй явж байгаад архагшуулах тохиолдол байдаг. Тиймээс сэжигтэй тохиолдол бүрд манай төвд ирж шинжилгээ өгч болно.

 

 

Ж.БАЯРСАЙХАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dSYpfAiiPmpGHYyIjiP (46.161.9.32)

    2016-07-16

    cE3hd7 wnqqhxocputu, [url=http://nfmoecomvldr.com/]nfmoecomvldr[/url], [link=http://rjcsjyoviudv.com/]rjcsjyoviudv[/link], http://xcchrldwtsgx.com/