Н.Удвал: Эбола вирус Монголд тархлаа гэдэг нь худал мэдээлэл
- 2014-11-04
- Эрүүл мэнд
- 0

- АЗИД ЭБОЛАГИЙН ОНОШЛУУРЫГ АВСАН АНХНЫ УЛС МАНАЙХ БОЛЛОО-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эбола вируст халдварын оношлуурыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У болон ХӨСҮТ-ийнхөн оролцсон юм. Ийнхүү манай улс оношлууртай болсноор эбола вируст халдварыг цаг хугацаанд нь оношлох боломжтой болж байгаа аж. Герман улсад үйлдвэрлэсэн, 1500 еврогийн өртөг бүхий уг оношлуурыг манай улс Азидаа анх удаа авч байгаа гэнэ. Оношлуурын талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “ДЭМБ-аас манай улсыг эбола вирусийн урвалж оношлуураар хангалаа. Хүний цуснаас шинжилгээ авч, түүнд эбола вирус байгаа эсэхийг 97-100 хувийн магадлалтай тогтоодог. Шинжилгээний хариу 24-72 цагийн дотор гарах боломжтой. Манай төвд молекул, биологийн аргаар халдварт өвчин үүсгэгчийг илрүүлэх, шинжилгээ хийх лабораторит байдаг. Энэ удаад зөвхөн оношлуурыг нь оруулж ирлээ” гэв. Өнгөрсөн сарын 29-ний байдлаар эбола вирусийн халдвартай 13633 тохиолдол бүртгэгдэж, 5000 хүн нас барсан байна. Эдгээрээс523 нь эрүүл мэндийн ажилтан байсан бөгөөд 269 нь нас баржээ. Нигери, Сенегал улсад эбола вируст халдварын дэгдэлтийг хязгаарлан тогтоож чадсаныг ДЭМБ-аас зарласан байна. Мөн өвчлөл хамгийн их тархалттай Гвиней, Сьерра-Леон зэрэг улсад халдвар буурах хандлагатай байгаа аж. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У “PCR хэмээх технологид суурилсан эбола вируст өвчний оношлуурыг Монгол Улсад анх удаа оруулж ирлээ. Монголын лабораториуд энэ оношлогоог хийх бүрэн боломжтой. Цаашид Монгол Улсад энэ талын дэмжлэг үзүүлэх болно” гэв. Тэрбээр номхон далайн баруун бүсийн орнуудад эбола вирус гараагүй гэдгийг хэллээ.
Энэхүү вируст халдвар нь дамжих зам олон, нас баралт өндөр, сэргийлэх вакцин, эмчлэх эм байхгүй, цочмог халдварт өвчин тул ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласан. Тэгвэл манай улс тус вирусээс хэрхэн сэргийлж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас тодрууллаа.
Шингэн нэвтэрдэггүй 5000 хувцас бий
-Сүүлийн үед “Эбола вирус манай улсад орж ирлээ” гэсэн мэдээллийг цахим хэрэгслээр цацаж байна. Манай улсад энэ төрлийн вирус орж ирсэн нь юм уу. Нууцлаад байгаа юм биш үү?
-Манай улс эбола вирусээс сэргийлэхийн тулд олон арга хэмжээ авч байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан бус, эх сурвалжгүй мэдээлэл гарах боллоо. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эбола вирус Монголд орж ирлээ”, “Баянхонгор аймагт эбола вирус бүртгэгдлээ”, “Үхлийн аюул ойртож байна”, “Эбола вирус хурдацтай тархаж байгаа тул сурагчдын амралтыг нэг сараар сунгалаа” зэрэг хуурамч мэдээлэл гарсан. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Энэ талын албан ёсны мэдээллийг манай вэб хуудсаар дамжуулан авах боломжтой.
-Эбола вирус манай улсад орж ирэхээс хэрхэн сэргийлж байна вэ. Шаардлагатай эм бэлдмэл, хувцас хэрэгслийг авах мөнгийг шийдсэн үү?
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, ДЭМБ-аас энэ өвчний эсрэг хариу арга хэмжээ авахыг шаардаж, гишүүн орнуудад зөвлөмж өгч байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, наймдугаар сард зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжийн дагуу ЭМЯ болон бусад салбар шуурхай ажиллаж, бэлэн байдлаа хангасан. Мөн Засгийн газрын тогтоол гарсан. Хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур, эм бэлдмэл, ариутгалын бодис зэрэг нэн шаардлагатай хэрэгслийг авах 400 гаруй сая төгрөгийг Засгийн газар нөөцөөсөө гаргаж эдгээрийг захиалсан. Мөн Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ялангуяа эбола вирусээс сэргийлэх бэлэн байдлыг хангахад олон салбар бэлтгэлтэй ажиллаж байж иргэдээ хамгаална. Тиймээс салбар дундын ажлын төлөвлөгөөг ЭМЯ-наас гаргаж, Онцгой байдлын нарийн бичгийн даргад хүргүүлсэн.
-Хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур, эм бэлдмэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай хэрэгслийг захиалсан юм байна. Тэгэхээр манайд эбола вирусийн үед өмсөх зориулалтын хувцас байхгүй гэсэн үг үү?
-Эбола вируст зориулсан хувцас аль ч улсад байхгүй. Хамгийн гол нь шингэн нэвтэрдэггүй хувцас өмсөх ёстой. Бидэнд ийм төрлийн 5000 хувцас хэрэгсэл байна. Бусад оронд хэрэглэж буй хувцас хэрэгслээр ДЭМБ манайхыг хангана.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)