Г.Дашдаваа: Тэс суманд хүн боомоор өвчилж, хэсэгчилсэн хорио тогтоосон
- 2014-11-13
- Эрүүл мэнд
- 0
Завхан аймгийн Тэс суманд хүн боом өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээллийн дагуу тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагаас тодрууллаа.
-Хүн боом өвчнөөр өвчилсөн байж магадгүй тохиолдол илэрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ сарын 8-ны өдөр буюу өнгөрөгч бямба гаригийн орой боом өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Өвчтөн ирэхдээ гар, бие нь шархтай, хавагнасан байдалтай байсан. Уг мэдээллийн дагуу манай Зоонозын өвчин судлалын төвийнхөн очиж урьдчилсан байдлаар сорьц авахад боом өвчний төстэй нян илэрсэн. Одоогийн байдлаар лабораторийн нарийн шинжилгээгээр хүн боомоор өвчилсөн болохыг тогтоогоод байна.
-Одоогоор өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?
-Өвчтөн Завхан аймгийн Тэс сумын иргэн. 54 настай эрэгтэй. Түүний биеийн байдал одоогоор дунд зэрэг. Хордлого тайлах, шарх цэвэрлэх болон биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийж байна.
-Өвчтөний ар гэр болон голомтын бүсэд хорио цээр тогтоосон уу. Сэрэмжлүүлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ажлын хэсэг гарган голомтын бүсэд ажиллаж байна. Одоогоор голомтын бүс рүү хүн орохыг хориглосон хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар сэжиг бүхий шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргаад байна.
Д.НЭРГҮЙ

Сэтгэгдэл (0)